Б.Халиун
Хүчингийн хэрэгт татагдсан Доминик Страус Каны Олон Улсын Валютын сан дахь карьер ингээд дуусах нь тодорхой боллоо. Харин одоо хэн энэ байгууллагыг удирдах тухай халуухан маргаан өрнөх гэж байна.
Олон Улсын Валютын сан Европын өрийн хямралын асуудалд гол үүрэгтэй оролцдог учраас Страус Кантай холбоотой энэ шуугиан байдлыг улам дордуулж болзошгүй юм. Мөн тус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа заавал Захирлуудын зөвлөлөөр шийдэгддэг учраас дараагийн тэргүүнийг яаралтай тодруулах хэрэгтэй болоод байна.
Каны залгамжлагчийг Европоос, эсвэл хөгжиж буй орнуудаас сонгох хэрэгтэй юм. Европын улс төрийг сайн мэддэг, санхүүгийн хямралыг ойлгодог, мэдээж Европ хүн байх ёстой гэж барууныхан үзэж байна. Тэд Францын Сангийн сайд хатагтай Кристине Лагардыг хамгийн боломжит нэр дэвшигчээр нэрлэлээ. Европчуудад банкны захирлаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн хэд хэдэн сонголт бий боловч чухамдаа Лагардыг хамгийн тохиромжтой нь гэж үзэж байна.
Харин хөгжиж буй орнуудын хувьд ЕвропАмерикийн хослолыг төгсгөл болгохыг хүсэж байна. Дэлхийн банк болон Олон Улсын Валютын санг үргэлж европ, эсвэл америкчууд удирдсаар ирсэн билээ. Валютын сангийн захирал хөгжиж буй орнуудаас сонгогдвол тухайн бүс нутгийн эдийн засагчид Сангийн үйл ажиллагаанд итгэх итгэл нэмэгдэж, илүү идэвхтэй оролцоход нь нөлөөлнө.
Энэ талаар Бразилаас эхлээд байр сууриа илэрхийлж эхэллээ. Дэлхийн эдийн засагт хөгжиж байгаа орнуудын оруулж буй үлэмж хувь нэмрийг зохих ёсоор үнэлэхийг Бразилийн Сангийн сайд хүсчээ. Хөгжиж буй орнууд Сингапурын Сангийн сайд Дарман Шанмугаратнам, Өмнөд Африкийн экс Сангийн сайд Тревор Мануэл болон мөн Туркийн Сангийн сайд асан Кемал Дервис нарын дундаас сонголт хийхийг хүсэж байна. Үүний дээр хөгжингүй орнуудад Хятадын Төв банкны Орлогч захирал байсан Зу Минийг байж болох хувилбар хэмээн үзэж байна.