Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Оюутолгой” энэ оны сүүлээр санхүүжилтгүй болж болзошгүй


     Засгийн газрын хуралдаан 2011 оны тавдугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

      “Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтад учирч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан барилга, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэх, олборлолтыг ойрын хугацаанд эхлүүлэх, төсвийн санхүүжилтийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс цахилгаан станц барих асуудлыг зургадугаар сард багтаан шийдвэрлэж, энэ онд багтаан ажлыг нь эхлүүлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа.

       Цахилгаан станц барих хугацааг Засгийн газар ийнхүү нааш нь татаж барилгын ажлыг нэн даруй эхлүүлэх шийдвэр гаргалаа. Энэ дагуу станцыг хаана барихыг салбарын яам зургадугаар сард багтаан шийдвэрлэх үүрэг хүлээв. Ингэснээр 2016-2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан станцын ажил 4 жилээр наашилж, 2012 он гэхэд бүтээн байгуулалтын ажил эхлэх боломж бүрдэж байгаа юм.  Говийн эрчим хүчний хангамжийг шийдвэрлэх цахилгаан станцыг Оюутолгой, эсвэл Тавантолгойд барих гэсэн хоёр хувилбарыг холбогдох яам, байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг судалж байна. Хэрвээ Тавантолгойд байхаар сонговол цахилгаан станцад шаардагдах урт хугацааны усан хангамжийг шийдвэрлэх, шаардлагатай нэмэлт судалгаа хийх, холбогдох Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны үнэлгээ зэргийг ойрын үед хийх хэрэгтэй юм.

      Харин “Оюутолгой” компани цахилгаан станцыг “Оюутолгой” төслийн тусгай зөвшөөрөлтэй талбай болон түүний ойр орчим барих сонирхолтой байгаа бөгөөд ус, байгаль орчин, Техник, эдийн засгийн үндэслэлтэй холбоотой ажлаа тодорхой хэмжээнд хийжээ. Оюутолгойн барилгын ажил гүйцэтгэх  хугацаанд шаардагдах эрчим хүчийг БНХАУ-аас авах шаардлагатай байгаа тул орд газраас Монгол-Хятадын хил хүртэл 220 киловольт хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих тусгай зөвшөөрлийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам өгөөд байна. Гэхдээ цаашид усны хоолой болон эрчим хүчний дамжуулах шугамын газар, төслийн богино хугацааны эрчим хүчний хангамж, цахилгаан станц барих асуудлаар дэмжлэг үзүүлэхийг хөрөнгө оруулагч компанийн удирдлагууд Засгийн газраас хүсчээ.
 
      Асуудлыг энэ сарын 30-31-нд Бээжин хотноо болох хоёр улсын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцахаар төлөвлөөд байна. Хэрвээ тодорхой шийдэлд хүрэхгүй бол төслийн хэрэгжилт тодорхой хугацаагаар хойшлох, санхүүжилтийн талаар хөрөнгө оруулагч талууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хооронд хийж байгаа яриа хэлэлцээнд сөргөөх нөлөөлөх, улмаар 2011 оны сүүлээр төсөл санхүүжилтгүй болох нөхцөл үүсч болзошгүй болжээ. Иймээс “Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, олборлолтыг ойрын хугацаанд эхлүүлэх, төсвийн санхүүжилтийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс цахилгаан станц барих асуудлыг зургадугаар сард багтаан шийдвэрлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа.

       “Оюутолгой” төслийн хүрээнд нийт 3 жилийн хугацаанд хийх барилга, угсралтын ажил гуравдугаар сарын эцсийн байдлаар төлөвлөсний дагуу 15 хувьтай байна. Орд газрыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу олборлолтыг 2013 онд эхлэхээр төлөвлөж байсан ч барилгын ажил, хөрөнгө оруулалтыг богино хугацаанд шахаж ажилласнаар 2012 онд олборлолтоо эхлэх боломжтой гэж үзэж байгаа юм.