Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хөрөнгийн зах зээлийн суурь хуулийг ойрын хугацаанд шинэчлэн батлуулахаар зорьж байна

      СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбаттай Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

      Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр яригдаж байгаа гэсэн?

       “Үнэт цаасны тухай” хууль 1996 онд батлагдсан. 2002 онд “Үнэт цаасны зах зээлийн тухай” хууль болгон шинэчлэн батлагдсан байдаг. Одоо энэ хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард ХЗДХЯ-д хүргүүлсэн. Хуулийн төсөл нь агуулга, багтаамжийн хувьд 2002 оны хуулиас 2-3 дахин томорч байгаа. Төслийн гол зорилт бол үндэсний хөрөнгийн зах зээлд олон улсын жишиг, сайн туршлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчмыг нэвтрүүлэн төлөвшүүлэх, буруу туршлага, төөрөгдлийг халахад оршиж байгаа.

       Манай хөрөнгийн зах зээл 1992 оны хувьчлалын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд бий болсон. Өнгөрсөн хугацаанд энэ зах маань жижиглэнгийн зах хэлбэрээр явж ирлээ. Гэтэл энэ зах нь их хэмжээний хөрөнгө оруулалтыг хямд өртгөөр урт хугацаанд олгодог бөөний зах байх учиртай. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд энэ захын эрэлт тал болох мэргэжлийн хөрөнгө оруулагчид байхгүй байснаас, тэдгээрийн үйл ажиллагааны дэг, горим төлөвшиж чадсангүй.

       Үүний хажуугаар манай захын хөгжилд дэм өгөх учиртай нэг асуудал бол үнэт цаасны арилжаа, түүний төлбөр, тооцоо, хадгаламжийн тогтолцоог засч, залруулах замаар бодит эрэлтэд тулгуурласан үнэ ханш тогтдог, эрчтэй захтай болох явдал юм. Товчоор, хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь шаардлагатай мэдээллийг нийт захын хэмжээнд бүх хөрөнгө оруулагчид нэгэн зэрэг, эрх тэгшээр өгч чаддаг, мэдээллээ авсан хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргаад аливаа саад бэрхшээлгүйгээр арилжаанд оролцож захиалгаа шуурхай биелүүлж чаддаг, хийгдсэн арилжааны гүйлгээ нь найдвартай байдаг, үнэт цаас, мөнгөн хөрөнгө нь баталгаатай хадгалагддаг хэрнээ энэ захын үйлчилгээний өртөг нь хамгийн бага түвшинд байдаг мэргэжлийн зах болгох ёстой. Үндсэндээ энэ захыг төвлөрүүлэн зохион байгуулж байгаа биржийг энэ захыг авч явсан шиг авч явдаг болгомоор байгаа юм.

       Гэхдээ энэ захад өнөөдөр чамгүй дэвшил, шинэ санал, санаачилга гарч байгааг би үгүйсгэх гээгүй юм шүү. Өнөөдрийн гол амжилт бол энэ захын юу нь болохгүй байгаа гэдгээ нийтээрээ олж хараад үүнийгээ засч чадвал энэ зах ямар хүчин чадалтай болохыг төсөөлж чадаж байна. Засвар, залруулга хийх хүсэл зориг, сэтгэл зүй ч манай захад бий болоод байна. Энэ бол том дэвшил. Хэд хэдэн дасгал, оролдлогыг ч амжилттай хийж байна гэж хэлмээр байна. Үүнийг мэргэжлийн холбооны удирдлагын шинэчлэл, сүүлийн таван жилд хийгдсэн 14 удаагийн IPO-гийн чанарын өөрчлөлтөөс, боловсруулагдаж байгаа баримт материалын агуулгын өөрчлөлтөөс харж болно.

        Бид энэ захыг банкны салбараас илүү чамбай, банкны салбарын санхүүгийн бяр хүрэхгүй байгаа хөрөнгө оруулалтыг банкны салбараас илүү судалж, амталсны үндсэн дээр барьцаагүйгээр нийтээс хөрөнгө татах эрхийг олгодог нийтийн хяналт бүхий арилжааны горимд тулгуурласан хувийн хэвшлийн томоохон тогтолцоо болгон төлөвшүүлхийг зорьж байгаа.

        Үзэл баримтлал, төсөөллийн хувьд ч хуулийн төсөл өнөөгийн шаардлагыг хангаж чадахаар болж байгаа гэж хэлмээр байна. Улсын Их Хурал, Засгийн газраас ч их дэмжиж байгаа. Хуулийн төслөө ХЗДХЯ, Сангийн яамнаас хамтарч байгуулсан Ажлын хэсгийн хүрээнд эцэслэхээр шуурхай ажиллаж байна.

        Эхний ээлжинд хөрөнгийн бирж дээр байгаа шаардлага хангаагүй компаниудыг бүртгэлээс хасна гэсэн. Бүртгэлээс хасахаар хувьцаа эзэмшигчид хохироод үлдэх юм биш үү?

        Энд нэг ойлголтыг тодруулах ёстой. Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдахаар компани дампуурч байгаа хэрэг биш юм. Хувьцаа нь хөрөнгийн бирж дээр арилжаалагдахгүй болж байгаа болохоос биш тэр хувьцааг төвлөрүүлээд олон жил хувьдаа ашигласан хүмүүс хариуцлагаас мултарч байна гэсэн үг биш. Гол нь хөрөнгө оруулалт татах чадалгүй болсон компани нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх боломжийг хааж, нийтээс мөнгө авах эрхийг нь хааж байна гэж ойлгох нь зөв.

         Хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиний асуулттай холбоотой нэг ойлголтыг Компанийн хуулийн хүрээнд тодорхой болгох шаардлага байсан. Юү гэхээр хувьцаат компани л бол заавал биржид бүртгэлтэй байх учиртай гэсэн ташаа ойлголтыг залруулах хэрэгтэй байсан. Үүнийг Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар засч байгаа. Энэ нь үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомж болон Компанийн тухай хуулийн уялдаа холбоо муу байснаас үүдсэн байгаа юм. Мэдээж тухайн үед бидэнд мэдлэг, туршлага дутсан байх. Хувьцаат компани л бол биржид бүртгэлтэй, хувьцаа нь биржид чөлөөтэй зарагдаж болно гэх зохицуулалт бол энэ захын арилжааны горимыг эвдэж байгаа юм. Учир нь чанаргүй, туршлагагүй, засаглал нь төлөвшөөгүй, ажил үйлс нь цэгцрээгүй, борлуулалт болон орлого нь жигдрээгүй компани нэг сайхан өдөр бүртгэгдэж чадвал маргааш нь нийтээс хөрөнгө татаад дураараа дургиж болно гэсэнтэй утга нэг болж байгаа хэрэг. Үүнийг залруулж  50-иас дээш хувьцаа эзэмшигчтэй, эсхүл өөрсдөө хувьцаат компани болохоор шийдсэн бол хувьцаат болоод СЗХ-ны зохицуулалтад орж нийтэд үйл ажиллагаагаа нээлттэй тайлагнаж эхэлнэ. Чадал чансаагаа цэгцэлснийхээ дараа биржийн бүртгэлийн шалгуурыг хангаж чадвал хөрөнгийн биржид бүртгэгдэх ба бүртгүүлснийхээ дараа хөрөнгө оруулагчдад бүх үүх, түүхээ маш тодорхой учирласны үндсэн дээр хөрөнгө оруулагчийн шалгуурыг давбал мөнгө авч болдог болгох учиртай.

       Шинэчилсэн найруулгаар мэргэжлийн байгууллагууд, холбоодын эрх үүргийг нэлээд нэмж байгаа гэж сонссон?

      Манай захын бас нэг сул тал бол санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй мэргэжлийн байгууллагууд болон мэргэжилтний статус, чиг үүрэг, зохион байгуулалт болон тэдгээрийн системдээ гүйцэтгэх үүрэг, ажиллагааны дэг нь олон улсын жишгээс ташаа байгаа явдал. Энэ захын тулгуур зарчим бол хувийн хөрөнгө бүхий этгээдүүд өөрсдийн хүсэл зоригоор цуглаад хоорондоо гэрээний эрх зүйн зарчимд тулгуурлан харилцан хяналт, харилцан уялдаа болоод хамаарал бүхий, өндөр хариуцлагатай, мэргэжлийн тогтолцоог бүрдүүлэх учиртай. Үүнийг хийхэд шаардлагатай хэм хэмжээг шинэ хуулиар тодорхойлж өгөхийг зорьсон. Энэ зах зээлийг дан төрийн хяналтаас гадна өөрийн гэсэн дотоод хяналттай, өөрөө өөрийгөө дотроосоо засч залруулж чаддаг, мэргэжлийн стандартаа дээшлүүлдэг, эрх тэгшээр, шударга өрсөлдөж чаддаг, мэргэжлийн оролцогчид нь энэ захаа хэн нэгний ашиг сонирхлын төлөө нураалгадаггүй мэргэшсэн тогтолцоотой болгохын төлөө олон улсын туршлагыг судалж байна. Тиймээс “Өөрийгөө зохицуулах байгууллага” болох хөрөнгийн бирж, төлбөр тооцооны байгууллага болон мэргэжлийн холбооны эрх хэмжээг өргөтгөж өөрсдийн бизнесийн дэгийг тогтоон мөрдүүлдэг эрхтэй байхаар томъёолж байгаа. Өөрийгөө зохицуулах эрх хэмжээтэй байгууллага дотроос мэргэжлийн холбоодын гүйцэтгэх үүрэг роль маш өндөр байх учиртай. Дан ганц төрийн байгууллагуудын гаргасан дүрэм журмаар хувийн зах зээлийн хөгжлийг тодорхойлох нь нийгмийн хувьд өртөг өндөртэй шийдэл болох нь тодорхой байна.

                                          Үргэлжлэлийг The Mongolian Mining Journal-ын ¹ 005 дугаараас уншина уу.