Тавантолгой, Оюутолгой төсөл эхлэх гээд ид “бужигнаж” буй энэ эгзэгтэй цаг мөчид Монгол улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэлгээ, жишиг үнийг тогтоох зарчим тодорхой бөгөөд маргаангүй байх ёстойг салбарын компаниуд мэдэгдэж байна.
“Эрдсийн бүтээгдэхүүний үнэлгээ” сэдвээр төрийн болон салбарын хувийн хэвшлийн байгууллагынхан цугларан хэлэлцэх үеэр энэ асуудлыг хөндөн тавьсан юм. Салбарынхан ийн байр сууриа илэрхийлсний хариуд Сангийн яамны мэргэжилтэн бүтээгдэхүүний жишиг үнэ тогтоох асуудлыг харьцангуй боловсронгуй болгосон гэсэн хариултыг өгөв. Харин Татварын ерөнхий газрын мэргэжилтнүүд татварын хэмжээг бага байгаа гэж үзэж байна. Гэхдээ төрийн байгууллагынхан уул уурхайн экспортын хувьд засч сайжруулах шаардлагатай зүйл олон бий гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа.
Салбарын компаниудын мэдэгдэж буйгаар бол бүтээгдэхүүний үнэлгээ буруу байгаагийн улмаас “Эрдэнэт үйлдвэр” 8 хувийн өндөр татвар төлж буй ажээ. Мөн цайрын баяжмал үйлдвэрлэгч “Цайрт минерал” компани ч 8.9 хувийн өндөр татвар төлж байгаа юм байна. “SouthGobi Sands” нүүрсний компанийн мэргэжилтний хэлснээр, Засгийн газар нүүрсний жишиг үнийг Хятадын www.COALWORLD.net цахим хуудсаас авч тогтоохоор шийдвэрлэсэн. Гэвч энэхүү цахим хуудсан дахь үнэ ямар эх сурвалжтай нь тодорхойгүй. “Coalworld” дахь нүүрсний үнэ одоо 119 ам.доллар/тонн байгааг жишиг үнээр тооцож буй ч Монголын компаниуд нүүрсээ худалдаж буй бодит үнэ нь 62 ам.доллар/тонн байгаа юм. Нүүрсний хувьд чанараасаа шалтгаалаад үнэлгээ янз бүр байдаг ч манай улсад нэг л үнэ баримталдаг. Татварыг бодит үнээр бус жишиг үнээр тооцож, ногдуулдаг нь компаниудын төлөвлөлтөд ихээхэн хүндрэл учруулдаг гэж байлаа.
Монгол улс уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнийг тооцохдоо олон улсын бирж, тухайлбал Лондоны металын биржийн үнийг гол болгодог байна. Гэвч бирж дээрх бүтээгдэхүүний үнэд газрын болон далайн тээвэрлэлт, НӨАТ болон бусад татвар, боловсруулах зардал шингэсэн нөхцөлтэй байдгаас гадна Монголын экспортын бүтээгдэхүүн бараг тэр чигээрээ түүхий эд байдаг нь хил дээр бага үнээр зарагдах шалтгаан болдог байна. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” 24 хувийн агууламжтай баяжмалаа Хятад руу 1300 ам.доллар/тонноор, нүүрсний компаниуд дунджаар 62 ам.доллар/тонноор бүтээгдэхүүнээ худалддаг нь боловсруулалтын түвшин сул байгаагийнх юм. Харин Татварын ерөнхий газраас татварыг тооцохдоо, тухайн баяжмалын агуулгынх нь хэмжээг олон улсын бирж дээрх цэвэр агууламжтай түүхий эдийн үнэтэй шууд харьцуулан, үнэлдэг байна. Өөрөөр хэлбэл баяжмалыг боловсруулахад гарах зардал, хорогдол зэргийг тооцдоггүйг салбарынхан хэлэлцүүлгийн үеэр шүүмжилж байсан юм.
Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Шатар: “Бүтээгдэхүүнийхээ үнийг бид хямд бус байлгах хэрэгтэй. Яагаад гадаадынхан биднийг сонирхоод байна вэ? Монгол улс хэдий дэд бүтэц муутай ч гадныхан биднийг сонирхож байгаа нь татварын хэмжээ бага байгаагийнх юм.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа: Жишиг үнийг тооцохдоо хил дээрх үнийг гаргаж ирэх хэрэгтэй. Олон улсын үнэ гэдэг нь далайн боомт дээрх үнэ байдаг. Тэр үнээс тээврийн зардал, НӨАТ зэргийг хасаад гарсан дүнг жишиг үнэ болгон, татвараа тооцох ёстой юм.
Б.Төгс