Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хэлэлцүүлгийн үеийн анхаарал татсан саналууд

      Ашигт малтмалын хууль тойрсон асуудлаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд олны анхаарал татсан хэлэлцүүлэг өрнөсөн билээ. Хэлэлцүүлгийн эхний хэсэг “Ашигт малтмалын тухай хуулийн үр нөлөө, цаашид авах арга хэмжээ“ сэдвээр, хоёр дахь өдөр нь  “Геологи, уул уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт-олон нийтийн оролцоо” сэдвээр болсон юм. Хэлэлцүүлэгт төр засгийн байгууллагуудаас гадна иргэний хөдөлгөөн, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлснээрээ онцлог болов.   

        УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх юм. Гэвч энэ удаагийн хэлэлцүүлгээс харахад уул уурхайн салбарын “малгай” гэгдэх шинэ хуулийн төслийг ч хэлэлцэн батлахыг үгүйсгэх аргагүй болж байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын хуулийн төсөлтэй холбоотой  анхаарал татсан саналуудыг хүргэе.


Хэлэлцүүлгийн үеийн анхаарал татсан саналууд   


-Ашигт  малтмалын тухай хуулийг бүрэн шинэчилье.

-Хөрөнгө оруулалтын гэрээг төр байгуулдаг явдлыг зогсооё.

-“Төрийн оролцоо” гэсэн нэр томьёог “Монголын талын оролцоо” гэж нэрлэе.

-Ашигт малтмалын ордыг ашиглаж буй компани хувьцаа гаргасан тохиолдолд Монголын талаас тодорхой хувь -авдаг тогтолцоо бий болгоё.

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аймаг, орон нутагт нь шууд олгодог болъё.

-Орон нутгаас санал авах 30 хоногийн хугацааг уртасгая.

-Олон нийтийн оролцоог Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын механизмд оруулъя.

-Төрийн нийтийн өмчийг хариуцах нэгжийг Ерөнхий прокурорын дэргэд байгуулъя.

-Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөр төрлийн бизнес эрхлэхийг   хязгаарлая.

-Уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгохдоо орон нутгийн иргэдийн саналаар шийдье.

-Стратегийн ач холбогдолтой ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34-50 хувь байна гэсэн заалтыг хасъя.

-Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн заалт нэмж оруулъя.

-Байгаль орчин, нөхөн сэргээлтэд тавигдах хяналтыг олон нийтийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагууд хариуцъя.

-Хуулийн төсөлд уурхайн хаалтын иж бүрэн бодлогыг тусгах ёстой.

-Нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэдэг тогтолцоог бий болгоё.

-Ашигт малтмалыг газрын хэвлий дор байхад нь үнэлж тогтоодог тогтолцоог бий болгоё.

-Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах  үйл ажиллагааг  хязгаарлах заалт оруулах хэрэгтэй.

-Стратегийн ач холбогдолтой ордын ангиллын зорилго, шалгуурыг тодорхой болгомоор байна.

-Нөхөн сэргээлтийн эрсдэлийн сан байгуулах, Эрсдэлийн санг захиран зарцуулах эрхийг төрийн бус мэргэжлийн байгууллагуудад олгоё.

-Орон нутгийн тусгай хамгаалалтад авах газар нутгийг тухайн орон нутгийн иргэдийн шууд саналаар тогтоодог болъё.

-Ашигт малтмалын тухай хуульд зөвхөн нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар өөрчлөх ёстой.

-Гадаад дотоодын ажилчдын цалингийн зөрүүг анхаарч, тодорхой зохицуулалтад оруулах хэрэгтэй.

-Орон нутгийн хэмжээнд “Стратегийн ач холбогдолтой орд”-ыг бий болгоё. Тухайн ордын нөөц дуусвал орон нутаг хохироод үлддэг тул ийм заалт оруулах хэрэгтэй.

-Ашигт малтмалын тээвэрлэлтийн асуудлаар хуульд тодорхой заалт  оруулж өгөх

-Хуулиар эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үзэл баримтлалын шинжтэй заалтууд оруулах

-Нөөц ашигласны төлбөр манайд 5 хувь байна. Гэтэл бусад орнуудад 30-40 хувь байдаг. Иймээс экспортын гаалийн татварыг 10 хувь болгохыг хуульчилж өгөх хэрэгтэй

-Нөхөн сэргээлт хийлгэхийн тулд борлуулалтын орлогоос нь 1 хувийг татдаг болъё.

-Мэргэжлийн нарийн зүйлүүдийг сайтар тусгасан, хөгжлийн үзэл баримтлалтай, гадаад дотоодын, хувийн гэлтгүй тэгш нөхцөл хангасан хууль гарах ёстой.

-Бичил уурхай гэдэг зүйлийг хасах хэрэгтэй. Энэ бол байгаль орчныг сүйрүүлдэг зүйл.

-Уул уурхайн баялгийг ашиглах эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй.

-Эрдэс баялгийн багц хууль байх хэрэгтэй. Үүнийг дотор нь  геологийн судалгаа, шинжилгээ, хайгуул, уул уурхайн олборлолт, боловсруулалт, бүтээгдэхүүн, лиценз, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад эвдэрснийг нөхөн сэргээх, уул уурхайн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал гэсэн чиглэлээр төрөлжүүлж гаргая.

-Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ нь ашигт малтмал хайх, ашиглахад хэрэглэх техник, технологиос салшгүй хамааралтай байна гэдгийг зааж өгье.

-Ашигт малтмалыг хайх, ашиглах техник, технологийн хүний эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээг тусад нь хийж, нөлөөллийн бүс дэх бүх талууд, нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаар хэлэлцүүлж лиценз олгох, өөрчлөхийг хуульчлах хэрэгтэй.

-Уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад бэлэн болсон үед нь нутгийн иргэдэд зохих журмын дагуу хүлээлгэж өгдөг байя.

-Нөлөөллийн бүсэд байгаа нутгийн болон уугуул иргэд, уламжлалт аж ахуй, түүх соёлын дурсгал, тахилгат газар зэргийг тодорхой болгож хамгаалах заалтыг тусгая.

-Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэх лиценз авахаас нь өмнө тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлан нийгэм эдийн засаг, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, нөхөн сэргээгдэхгүй, сөрөг нөлөөтэй бол хэрэгжүүлэхгүй байлгах эрхийг хуулийн төсөлд суулгая.

-Биологи, техникийнхээс гадна хүний нөхөн сэргээлтийг хуулийн төсөлд тусгаасай гэж хүсч байна. Ялангуяа хаалт, нөхөн сэргээлт гэсэн хэсэг дээр заавал тусгах хэрэгтэй.

-Уул уурхайн тухай хуульгүйгээс үүссэн эрсдэлүүдийн тухай бид ярьж байна. Газрын хэвлийн тухай хуулиар энэ уул уурхайн асуудлыг зохицуулах ёстой.

-Ашигт малтмалын үнэлгээний, гүний уурхайн, ил уурхайн гээд цогц хуультай болъё.