Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ТАВАНТОЛГОЙГ ТӨВХНҮҮЛЭХ ТӨВ ЗАНГАРГА ХАА БАЙНА

Нууцлах тусам НО-той санагддаг

Тавантолгойн орд газрыг ашиглах тухайд тодорхой байгаа мэдээллүүдийг дîîр дэлгэн сануулав. Тодорхой мөртлөө тодорхойгүй шалтгаанаар нууцлагдсан бас бус мэдээлэл бий гэдгийг ч бас сануулъя.

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан нуурын хөндийд байрлах 73 мянган га бүхий Тавантолгойн орд газрын 68 мянган га нь Монгол улсын төрийн 100 хувийн өмч бөгөөд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол 2010 оны долдугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо батлагдсан.

-Тавантолгойн орд газарт 1975, 1978-1981, 1989, 1991, 1998-1999, 2005-2006, 2009 онуудад урьдчилсан болон нарийвчилсан хайгуул, Техник, эдийн засгийн vндэслэл зэргийг боловсруулж байв.

-2011 оны дөрөвдүгээр сард Цанхийн зүүн хэсгийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлөөр баталсан. Одоо баруун хэсгийн ТЭЗҮ-ийг JORC кодод хөрвүүлсэн нөөцийн үнэлгээ хүлээгдэж байна.

-Төрийн мэдлийн хэсгийн ашиглалтыг “Эрдэнэс МГЛ”-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” хариуцаж байна.

-Цанхийн зүүн хэсэгт олборлолт явуулах олон улсын компанийг тодруулах  тендерийн үнэлгээ хийгдэж байгаа.

-Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах олон улсын компани, консорциумын сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа.

-“Эрдэнэс Таватолгой” компанийн олон улсын Хөрөнгийн биржид хийх IPO-г зөвлөж явуулахаар сонгогдсон хөрөнгө оруулалтын банкууд судалгаагаа эхлүүлсэн.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн тэргүүнээр ТӨХ-ны дарга Д.Сугар, гишүүдээр ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв, Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, хараат бус гишүүн статусаар Маркшейдерийн холбооны тэргүүн доктор, профессор Д.Дондов, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Т.Очирхүү, иргэний хөдөлгөөний Ж.Батзандан нар сонгогдсон.


Жишээ 1. Боловсруулагдаж байгаа ТЭЗҮ-ийн тухай мэдээлэл олохоор сар гаруй хөөцөлдлөө. Салбарын сайд, Ашигт малтмалын газар, судлаач эрдэмтэд, толгой компанийнхан гээд мэдэж болох хүмүүсээс лавласан боловч “Б.Энэбиш захирал мэднэ” гэснээс өөр хариулт эс олдох. Угтаа бол   Б.Энэбиш захирлаас энэ тухай хамгийн түрүүнд асуусан төдийгүй, хариу авч чадсан бол хаа сайгүй явж, цаг үрэх хэрэггүй байлаа. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явцад нөлөөлж буй хэд хэдэн тулгамдсан  асуудлын нэг нь Техник, эдийн засгийн үндэслэлийн талаар нэг мөр, тогтсон дүн сонсохоор хаа хаанаа хүлээлт үүсчихээд буй. ТЭЗҮ-ийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд JORC код руу Канадын Norwest компани хөрвүүлж байгаагаас өөр мэдээлэл дулимаг цаг үе.
2011 оны дөрөвдүгээр сарын 11.  Ерөнхийлөгч Тавантолгойн тухай мэдээлэл сонсохоор цаг товложээ. Иргэний нийгмийн төлөөллийг байлцуулж, ээлжит шоугаа хийх нь гэх зэргээр тал талын үнэлэлттэй эхэлсэн уулзалт сэтгүүлч надад ямартай ч овоохон олз өгсөн юм. Ерөнхийлөгчийн ачаар өнөөх хариу хүлээсэн асуултуудад минь мөнөөх Захирал тодорхой гэгч нь хариулж гарах нь тэр. Тавантолгойн ТЭЗҮ-ийг ордын баруун, зүүн Цанхи тус бүрт нь боловсруулж буй аж. Улмаар Цанхийн зүүн хэсгийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сарын эхээр Эрдэс баялгийн зөвлөл баталгаажуулжээ. Техник, эдийн засгийн уг үндэслэлээр тухайн талбай нэг тэрбум тонн нүүрсний нөөцтэйгээс 700 гаруй сая тонн нь сайн чанарынх нь гэв. Хэл амыг нь сугалахаа дөхөж, дахин лавлаж, уурлах шахам болж байж хариу авсан Ерөнхийлөгчийн зүтгэлийг сэтгүүлчид үнэлэв. Бас талархав.
Гэвч энэ өдөр хэвлэлээр цацагдсан зүүн Цанхийн тухай мэдээлэл нууцлах тусам хар төрүүлдгийн бас нэг гайг дагуулах нь тэр. Ууган яргуйтай уралдан гарч ирдэг жагсагчид Монгол улсын иргэн бүрт ногдох “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг зөвхөн 700 сая тонн нүүрсний ашгаас хуваарилахаар болж хэмээн хэсэг үймэв. Түйвээнд нь иргэд бас эргэлзээд амжив. Тодорхой хийгээд дорвитой тайлбар хийсэн бол энэ мэт эрээвэр хийрхэл үүсэхгүй байсан нь ойлгомжтой.

Жишээ 2. Ерөнхийлөгч: Энэ уулзалтад өөд өөдөөсөө хараад сууж байгаа Та нөхөд /Уулзалтад ТӨХ-ны дарга Д.Сугар, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван, УИХ-ын гишүүн З.Энхболд, Н.Батбаяр, М.Зоригт, “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, эдийн засагч Н.Дашзэвэг, С.Авирмэд, Д.Содном, Ч.Хурц, Ж.Занаа нар байлцсан/ нэг зүйлийн төлөө зүтгэх ёстой байтал эрс тэс байр суурьтай, хоёр өөр гаригаас энд цуглуулсан юм шиг зүйл ярих юм. Ажлаа хуваагаад, хамтраад хий л дээ.

С.Авирмэд: Үгүй ээ, Ерөнхийлөгч өө. Тийм боломжийг хариуцаж байгаа хүмүүс нь олгодоггүй юм. “ТЭЗҮ болон ордыг ашиглах төлөвлөгөөгөө С.Авирмэд докторт үзүүлж, зөвлөлд” гэж Н.Алтанхуяг сайд Б.Энэбишд үүрэг болгож байсан. Гэтэл одоо болтол надад үзүүлэхгүй байгаа.
Н.Алтанхуяг: Энэбиш ээ, чи чинь яачихсан нөхөр вэ. Үзүүлээд, зөвлөлдөөд хамтарч ажилла гэж хэлээд байхад…

Б.Энэбиш: Ойлголоо, дарга аа. Гэхдээ урьд нь Ч.Хурц гуайгаас эхлээд уул уурхайн эрдэмтдийн санал дүгнэлтийг авсан. Одоо аль болох оролцуулъя.

Ч.Хурц: За, Энэбиш минь тэгж худлаа хэлээд юу хийхэв. Чи надаас ямар ч санал аваагүй шүү дээ…
Хэн нь үнэн хэлсэн, хэн нь хэндээ үзүүлсэн эсэх нь энд чухал биш. Хамгийн гол нь “Эрдэнэс Тавантолгой” компани хэрэгжүүлж байгаа ажлуудаа олон нийтийн өмнө   нээлттэй, ил тод гүйцэтгэдэг байсан бол инээд хүрэм ийм маргаан Төрийн ордонд өрнөхгүй байлаа. Ядаж хийснийхээ дараа биш хэрэгжүүлж байхдаа мэдээлдэгсэн бол тэр шүү дээ. Иргэний нийгмийнхэн, эдийн засагчдын хэлснээр Тавантолгойн асуудалд тэдний байр суурь, саналыг ганц ч удаа сонсоогүй гэнэ. Сонссон ч байж мэднэ. Тал талын санал, зөвлөмжийг авч, түүнийгээ ил хэлбэрээр зохион байгуулсан бол энэ мэт  маргааныг шүүн тунгаах боломж танхимд байсан хэн хүнд олдох боломжтой байлаа.

       Нууцлах тусам ноцтой санагдуулж, хар дагуулдгийн наад захын хоёрхон жишээ энэ. “Эрдэнэс МГЛ” компанийн байран дахь асуудлаа мэддэг арав, арваар тоологдох хүмүүсээс хэвлэлд ярилцлага өгөх эрхтэй ганцхан хүн байдаг, хэн хүний мэдэх ёстой энгийн нэг мэдээллийг хүртэл элдэв дамжлага, зөвшөөрлийн эцэст сая нэг олж авдаг гэхчилэн бусад жишээг энд өгүүлэхээ азная. Энгийн нэг сэтгүүлч байтугай Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Тавантолгойн явцын талаар мэдээлэл авах гэхэд нь нууц хэмээгээд өгөөгүй учир дээр дурдсан уулзалтыг зориуд зохион байгуулж буйгаа төрийн тэргүүн хэлж байсан.

Атгасан гар

       Атгасан гарны нэг нь “Эрдэнэс МГЛ”-ийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, нөгөө нь ТӨХ-ны дарга Д.Сугар. Аль аль нь харьяа байгууллагаа төлөөлөх цор ганц эрхийг өөрсдөдөө оноосон эрхмүүд. Хоёул нэг нэгийнхээ үйл ажиллагааны талаар чамлахааргүй мэдээлэлтэй төдийгүй хэн хэндээ итгэдэг. Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо ийм байх ёстой гэх үлгэр жишээг үзүүлж чаддаг гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг юм билээ. Хурал уулзалтын өмнө хэлэлцэж тохирон үг хэлээ нийлүүлдэг амь нэгтэй албан тушаалтнууд гэж бас тэднийг цоллодог.

       Гар гараа атгалцан нэг зүгт тэмүүлэх нь сайн хэрэг. Гэхдээ зөвхөн тэд төдийгүй Тавантолгойн ашиглалтад хамааралтай хүн бүхэн зангидсан гар шиг бат холбоотойгоор ажиллавал асуудал шийдэгдэхэд амархан байхсан. Нэг талд ярьсныг нөгөө газарт үгүйсгэж, энд шийдсэнийг тэнд ойлгохгүй яваа энэ байдлын ирээдүй хэр гэрэлтэй бол. “Цуварч явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр”, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэгчлэн нэг зүйлийн төлөө нэгдэж чадваас сэтгэл ханамж бүхий үр дүн ойрхон буй заа.


Үргэлжлэлийг “The Mongolian Mining Journal”-ын ¹005 дугаараас уншина уу.