Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголын эрчим хүчний салбарт Олон улсын анхаарлыг хандуулна

     Монгол улсын эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах,  гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий ”Монголын  эрчим хүч-2011:Бодлого-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас энэ сарын 27-28-нд Чингис зочид буудалд зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтын талаар ЭБЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэв,  орлогч дарга Д.Пүрэвбаяр нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. 

       Энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэнд Монголын төрийн болон эрчим хүчний салбарын төлөөлөл, үйлдвэр компаниуд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд оролцож, Засгийн газрын зүгээс эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулагчдад санал болгож буй төсөл арга хэмжээ, концессын зүйлс болон салбарын яамны бодлого, эрх зүйн орчныг танилцуулах юм байна. Азийн хөгжлийн банк, Германы Техник Хамтын ажиллагааны нийгэмлэг, USAID, ING банк болон  MCS групп, “Нью Ком” групп, “Рэдхил Монголиа”, “Мон-Энержи консалтинг”, Шинэ Азиа Майнинг” зэрэг гадаадын 30 гаруй, дотоодын 90 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл чуулганд оролцохоор саналаа ирүүлжээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Концессын зүйлийн жагсаалтад багтсан эрчим хүчний 19 төсөл, ялангуяа Улаанбаатар хотын эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах төслийг ихээхэн сонирхож байгаа юм байна.

      Чуулган “Эрчим хүчний салбарын бодлого, хууль, эрх зүйн орчин”, “Монгол улсын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт ба олон улсын хамтын ажиллагаа”, “Эрчим хүчний технологийн шинэчлэлт, ТХХТ ба Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоо” гэсэн гурван үндсэн сэдвээр өрнөх аж. Хоёр дахь өдөр нь “Эрчим хүчний үзэсгэлэн, яармаг” зохион байгуулагдахын зэрэгцээ бизнесийн уулзалтууд болох аж.
Эрчим хүчний салбарын хөгжил, бодлого, зорилтыг тодорхойлох  томоохон хэмжээний олон улсын чуулганыг анх удаа зохион байгуулж буйгаараа ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болно гэж ЭБЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэв онцоллоо. Чуулга уулзалттай холбоотой мэдээллүүдийг олон нийтэд хүргэх зорилгоор www.energy.gov.mn” веб хуудсыг нээжээ.

      Монгол Улсын Засгийн газрын 198 дугаар тогтоолоор Концессын гэрээгээр бүтээн байгуулах 121 төслийг баталсан бөгөөд үүн дотор эрчим хүчний салбарын 12 томоохон объект багтсан юм. Концессийн гэрээгээр хамгийн эхэнд хийж гүйцэтгэх ёстой  томоохон бүтээн байгуулалт нь Могойн голын дулааны цахилгаан станц. Салбарын яамны зүгээс цаашдын бүтээн байгуулалтуудад энэ мэтээр анхаарч ажиллахад олон улсын чуулган үр дүнгээ өгнө  гэдэгт найдаж байгаагаа ЭБЭХЯ-ны удирдлагууд илэрхийллээ.