Global Alliance Partners буюу GAP байгууллага нь 3 жилийн өмнө Макаод байгуулагдсан олон улсын санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын нэгдэл юм. Африкийн Imara Holdings, Хонконгийн Quam Financial Services Group, Энэтхэгийн Reliance Capital, Японы Capital Partners Securities, Тайландын KT ZMICO Securities, Арабын Нэгдсэн Эмиратын MAC Capital, Английн Killik&Co, АНУ-ын Global Alliance Securities, Вьетнамын Tanh Cong Securities зэрэг дэлхийн өнцөг булан бүрийн хөрөнгө оруулалтын компаниуд нэгдэж дээрх нэгдлийг байгуулжээ. Дэлхийн өнцөг булан бүрийн төлөөлөл болсон хөрөнгө оруулалтын байгууллагууд нэгдэн хамтран хөрөнгө оруулалт хийх боломжийг судлаад ийм байгууллагыг байгуулжээ. Энэхүү байгууллагад Монголыг төлөөлөн “Euroasia Capital”-ынхан нэгджээ. GAP-ын гишүүн байгууллагуудын гуравдугаар хурал өчигдөр Чингис зочид буудалд болсон бөгөөд энэ үеэр “Euroasia Capital”-ыг албан ёсоор гишүүнээр элсүүлсэн байна.
Global Alliance Partners Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байна. Монголын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахын сацуу ашиг олох ч бодолтой байгаагаа тус байгууллагын Гүйцэтгэх захирал Bernard Pouliot хэлж байлаа. Тиймээс ч Монголд байнгын үйл ажиллагаа явуулах Silk Road Management хөрөнгө оруулалтын санг байгуулж байгаа аж. Энэ сан нь Монголд албан ёсоор байгуулагдаж буй гадаадын анхны хөрөнгө оруулалтын сан болж байгаагаараа онцлог юм. Зургадугаар сараас үйл ажиллагаа явуулж эхлэх тус сангийн ахлах зөвлөхөөр “Euroasia Capital”-ын захирал Али Алишер Джуманов ажиллах юм байна. Silk Road Management сан эхний ээлжинд олон улсын бирж дээрх Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийх бөгөөд цаашдаа ашигт малтмал, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгааг сангийн менежер онцолж байлаа.
Түүнчлэн GAP болон Euroasia Capital компани өнөөдөр Чингис зочид буудалд хөрөнгө оруулагчдын бага хурлыг зохион байгуулж байгаа юм. Хуралд гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш нарын албаны хүмүүс, мөн Монголын компаниудын төлөөлөл оролцож байна. Хурлын үеэр Монголын эдийн засгийн байдал, хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын орчин болон Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийн танилцуулгыг хийж байгаа юм.