Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Discover Mongolia-2011”-ийг Хөрөнгө оруулалтын сангууд сонирхож байна

Монголын Уул уурхайн Үндэсний ассоциациас /МУУҮА/ гишүүн байгууллагуудынхаа дунд сар бүрийн сүүлийн долоо хоногийн лхагва гаригт зохион байгуулдаг “Ассоциаци өдөр” уулзалт “Континентал” зочид буудалд боллоо. Уулзалтын үеэр  Монголын Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Галсандорж “Монголын ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж, Чоно майнинг, Эрнст энд Яанг Монгол Аудит, Кливедэн Эй Жи, Четра зэрэг компани өөрсдийн танилцуулгаа хийсэн юм. Танилцуулга хийсэн компаниуд МУУҮА-ийн гишүүнээр элслээ.

“Ассоциаци өдөр”-ийн  нэг онцлог нь  “Discover Mongolia-2011” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын бүртгэлийн нээлт, танилцуулга байв.

“Discover Mongolia-2011” чуулга уулзалтыг зохион байгуулах “Prime Info” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүнээс дараахь асуултад товч хариулсан юм.

-Энэ жилийн “Discover Mongolia-2011” чуулга уулзалтыг  хэдийд зохион байгуулах вэ?

-Есдүгээр сарын 8-10-нд зохион байгуулна. Энэ жилийн чуулга уулзалт хэд хэдэн онцлогтой.

-Ямар онцлогтой вэ?

Нэгдүгээрт, өнгөрсөн найман жилийн хугацаанд бид шинэ төслүүдтэй, тухайлбал жижиг гэх тодотголтой лиценз эзэмшдэг аж ахуйн нэгжүүдэд төдийлөн анхаарал тавьж байсангүй. Тиймээс энэ тал дээр маш их анхаарч ажиллаж байгаа. Хоёрдугаарт, чуулга уулзалтыг зохион байгуулах хороог Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүлж байгаа.  Энэ хүний заавар, зөвлөгөө бидэнд хэрэг болж байна. Гуравдугаарт, бид гадаадын хөрөнгө оруулагчдыг чуулга уулзалтад аль болох олноор оролцуулах зорилго тавьж байна.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг чуулга уулзалтад түлхүү оролцуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа байх. Шинээр хөрөнгө оруулагчдын хувьд ямар санал ирж байна вэ?

-Бид “МакКлоски: Монголын нүүрс ба дэд бүтэц-2011” олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр манай улсад гадаадын 300 гаруй хөрөнгө оруулагч ирснээс 70 гаруй хувь нь цоо шинэ хөрөнгө оруулагчид байсан. Харин өнгөрсөн жилийн “Discover Mongolia-2010”-ийн арга хэмжээнд 1200 гаруй хүн оролцож байсан бол энэ тоо 1500 болж магадгүй байгаа. Ялангуяа Хөрөнгө оруулалтын томоохон сангууд чуулга уулзалтыг ихээхэн сонирхож байна. Торонто, Австрали, Лондонгийн хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа гаргасан  компанийн төлөөллүүд ч  чуулга уулзалтад оролцох юм. 

-“Discover Mongolia-2011”-ийн бүртгэл хэзээ эхэлсэн юм бэ?

-Тавдугаар сарын 23-наас эхэлсэн.  Чуулга уулзалт уламжлал ёсоор Хүүхдийн ордонд болно.