Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ЖИЖИГ “ТОЛГОЙНУУД”-ЫГ ЦЭГЦЛЭХ АЖИЛ ЭХЛЭВ

Тавантолгой орд газрыг ашиглах төрийн бодлогын хүрээнд төмөр нүүр харуулж мэдэх цөөнгүй арга хэмжээг УИХ, Засгийн газар төлөвлөөд байна. Тэдгээрийн тэргүүн ээлжинд,  дэлхийд тэргүүлэх эл ордын уулын ажлын төлөвлөгөө, дэд бүтцийн нэгдсэн зохицуулалтыг хангах үүднээс  “Тавантолгой”-гоор овоглосон жижиг компаниудыг дэгэнд нь оруулах юм. Нүүрсний баялаг ордыг олон жилийн турш ашиглан, шимийг нь хүртсэн атлаа орон нутгийн хөгжилд онцгой сэтгэл гаргахгүй байгаа “Тавантолгой” ХК болон хувийн өмчийн “Тавантолгой транс”-ын үйл ажиллагааг нээлттэй болгох нь чухлыг Засгийн газрын сүүлийн хуралдаан дээр хөнджээ.

“Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь  Өмнөговь аймаг, үлдэх 49 нь “Тавантолгой транс” ХХК-ийн мэдлийнх. Гэтэл орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга нь “Тавантолгой транс”-ын босс Д. Бат-Эрдэнэ өөрөө. Улмаар орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрсийг ложистикоор хангадаг үйлчилгээ нь “ Тавантолгой транс”-ын мэдэлд байх. Энэ бүх орооцолдсон сүлжээний учиг гогцоог цэгцлэхээр Өмнөговийн Засаг дарга Б. Бадраагаас Засгийн хурал дээр бараг “ байцаалт” авчээ. Мань хүн Ардчилсан намынхаа угшлыг бодсон уу, Бат-Эрдэнэ захирлын Өмнөговийн иргэдэд жил бүр тараадаг хишигт сүрдсэн үү, эсвэл ерөөс орон нутгийн засаг захиргаа нутгийнхаа феодалуудын гарт орсон нийтлэг жаягийг дагасан уу аялдан дагасан байр суурьтай суусаар өдийг хүрсэн билээ. Харин Засгийн газрын хуралдаанаас Монгол орны баялгийн үүц болсон Өмнөговь нутагт үйл ажиллагаа явуулж буй хэн боловч хууль журамд захирагдах ёстойг хатуу сануулаад, Тавантолгойн ашгаас хүртэгч компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, газрын бизнес галзуурахаас өмнө төрийн бодлогод зангидах зэрэг чиг өгчээ. Том Тавантолгойд бүтээн байгуулалт өрнөхөөс наана жижиг толгойнуудыг төр мэдэлдээ авах буй за гэсэн эрх бүхий хүмүүсийн байр суурь энэ мэтээр биеллээ олж эхлэв.

Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг MMJ уншигчдадаа дэлгэрэнгүй хүргэдэг уламжлалтай бөгөөд энэ удаа Өмнөговийн асуудлаар гаргасан шийдвэрүүдийг багцлан дор мэдээлэв.

Өмнөговь аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажил улс орны хөгжилтэй салшгүй холбоотой учир нэгдсэн бодлогоор ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгов. Ялангуяа ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд тус тусдаа хатуу хучилттай зам тавих бус, хөрөнгө,хүчээ нэгтгэн нэг зам барих нь зүйтэй. Үүнийг Засгийн газар нэгдсэн бодлогоор зангидах ёстой гэж тэрбээр онцлон анхаарууллаа.

Эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалт зэрэг салбарт эхний ээлжинд хийх шаардлагатай ажлын болон дунд хугацааны  төлөвлөгөө боловсруулж 14 хоногийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн ахалсан Ажлын хэсэгт даалгасан байна. Энэ дагуу Ажлын хэсэг “Өмнийн говийн хөгжлийн стратеги төлөвлөгөө” болон Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг түргэтгэж, дэд бүтэц, хот байгуулалтыг цогц байдлаар шийдвэрлэх, Мандалговь-Даланзадгадын 163 км, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгойн 251 км хатуу хучилттай замын ажлыг түргэтгэх, “Гурвансайхан” онгоцны буудлыг өргөтгөхийг судалж шийдвэрлэх, Тавантолгой-Даланзадгадын 110 квт-ын цахилгааны шугамын угсралтын ажлыг түргэтгэхэд анхаарах юм.
 
Хэдийгээр албан ёсоор Ханбогд, Цогтцэций сум 3 мянга гаруй хүнтэй ч одоо 10 мянгад хүрч байгаа учир 10 ортой эмнэлгээс эхлээд сургууль, цэцэрлэгийг нь  өргөтгөх, шинээр барих шаардлагатай болоод байна. Энэ асуудлыг судалж танилцуулахыг салбарын сайд нарт хуралдаанаас даалгалаа.  Түүнчлэн орон нутагт хувийн эрх ашиг, сонирхлын үүднээс ажилд ханддаг, мэдээлэл буруу, хуулийг өөрөөр ойлгодог зэргээс шалтгаалан зөрчил гарч байгаа бол ойрын үед арилгах, орон нутгийн “Тавантолгой” компанийн үйл ажиллагааг  ил тод, нээлттэй болгох, шаардлагатай бол бүтэц, зохион байгуулалт, менежментийг нь өөрчлөх, их бүтээн байгуулалтын ажилд энэ компанийг оролцуулахыг Ерөнхий сайд С.Батболд аймгийн удирдлагад үүрэг, чиглэл болгов.  Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын орон нутагт үзүүлж буй нөлөөлөл, цаашид анхаарах асуудлын тухай Засаг дарга Б.Бадраагийн мэдээллийг сонссоны дараа ийм шийдвэр гаргасан байна.
 
Говийн бүсэд өрнөж байгаа их бүтээн байгуулалтын ажлын хүрээнд усны шугам татах гэхэд лиценз эзэмшигч нь зөвшөөрөхгүй байна хэмээн Ханбогд, Цогтцэций сумын удирдлага газар чөлөөлөхгүй хэдэн сар болж байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандав. Улс орны хөгжилд чөдөр тушаа болж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахад болохгүй гэх газаргүй тухай ч хуралдааны үеэр хөндөгдөв. Газрын асуудлыг энэ сарын 28-ны дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ гэдгээ аймгийн Засаг дарга Б.Бадраа сайд нарт амлалаа. 

Мөн Тавантолгойгоос өдөр бүр хүнд даацын 500 машин нүүрс тээвэрлэж байгаль орчин, хөрс сүйтгэж, хүний амь эрсдэж байгаад Засгийн газрын гишүүд анхаарал хандуулж энэ талаар тодруулга авлаа. Говьд их хэмжээний тоосжилт үүсэн, зарим ургамал ургахаа больж, ан амьтан дайжин, малчид ч амьдрах аргагүй болоод байна. Иймээс төмөр зам тавих нь хамгийн зөв шийдэл гэж Засаг дарга хэллээ. Нэгэнт хүн амьдрах аргагүй болсон бол малчдын өвөлжөө, хаваржааг нүүлгэх, худаг гаргах зэрэг зардлыг хатуу хучилттай зам тавихгүй хэрнээ нүүрс олборлож, тээвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд гаргах ёстой гэж Сайд нар үзэж байна.

Хэдийгээр сонгуулийн дүн өөр гарсан ч улс орны хөгжил, нийтийн эрх ашгийн үүднээс хоёр нам хамтарч Засгийн газраа байгуулан ажиллаж байгаа. Засгийн газрын бодлого, гаргасан шийдвэр дунд, доод шатандаа хувийн эрх ашиг, сонирхол, улстөржих байдлаас болж хэрхэвч саатах ёсгүй. Тиймээс зарчмаа барьж ажилла гэж Ерөнхий сайд С.Батболд хуралдааны эцэст хатуу анхааруулав хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.