Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ӨМНИЙН ГОВИЙН СТАНЦЫГ ХААНА БАРИХ ВЭ

Монголын эрчим хүчний салбарын бодлого, зорилтыг танилцуулах, энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Монголын эрчим хүч-2011: Бодлого-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалтыг  Эрдэс баялаг,  эрчим хүчний яам тавдугаар сарын 27-28-нд зохион байгуулсан юм. Чуулга уулзалтад гадаадын 50, дотоодын 90 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Монголын эрчим хүчний салбарт хурцаар тавигдаад буй говийн бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцын байршлын талаар чуулга уулзалтад оролцогчид ямар байр суурьтай байсныг MMJ сонирхов.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:

“Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой”-н хамтарсан компани цахилгаан станц барих ажлыг гардаж хийнэ


Эрчим хүчний салбар улстөржсөн орчинд байгаа нь маш харамсалтай. Эрчим хүчний томоохон төслүүдийг “эрчим хүч” биш, улс төр гэдэг өнцгөөс харах хандлага их байна. Ийм нөхцөлд бид аливаа шийдвэр гаргахдаа цэгцтэй, тууштай байх ёстой. Эрчим хүчний салбарын мэргэжлийн хүмүүс хэрэгжүүлж болох төслүүдээ олон нийтэд зөвөөр ойлгуулах явдал их чухал юм. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хувьд би нэг л зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг. Тэр нь одоо барих гэж байгаа цахилгаан станцын асуудал. Хэлэлцээрийн үеэр бидний удаа дараа хүлээж аваагүй нэг санал бол цахилгаан станц барих ажлыг Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулаад, одоо болохоор уурхайн бүтээн байгуулалттай хамт гаргаж ирж тавьж байгаа шахалт.
 

“Оюутолгой” компани уурхай бүрэн ашиглалтад ортол Хятадаас эрчим хүч авна, харин ашиглалтад орсон хойно буюу дөрвөн жилийн дараа цахилгаан станц барина гэдгээ мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр бодит амьдралаас урган гарч байгаа шаардлагын улмаас эрчим хүчний асуудал маш хурцаар тавигдах боллоо. Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна. 2012 оны сүүл гэхэд уурхайн үйлдвэрлэл эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь эрчим хүчний хангамж нь одоо хүртэл тодорхойгүй байна. Дээр нь дотоодын эрчим хүч хоцрогдолтой. Тиймээс үүнтэй холбогдуулан бид “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” компанийн хамтарсан компани байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд энэ хоёр компани өөрсдөө судалгаагаа гардаж хийгээд эцсийн үр дүнг зургадугаар сард багтаан манай яаманд танилцуулах ёстой. Судалгааны дүнд үндэслэн цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль дүрмийн дагуу олгоно. Шийдэгдэхгүй байгаа нэг асуудал бол цахилгаан станцын байршил. Оюутолгой дээр барих уу, Тавантолгой орд дээр үү гэдгийг манай яам зургадугаар сард  шийднэ. “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамтарсан компани цааш нь цахилгаан станц барих ажлыг гардаад явна.
 

Энэ хоёр компани эрчим хүчнийх биш учраас хамтарсан компани руу гурав дахь хөрөнгө оруулагчийг оруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Юутай ч зургадугаар сард энэ компанийг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох ажлыг хийнэ. 2011-2012 онд цахилгаан станц барих ажлыг маш эрчимтэй явуулах юм. 2013 ондоо багтаан цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад оруулна.

“Мон Энержи” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Эрдэнэдалай:

Тавантолгойн уурхайг түшиглэж цахилгаан станц баривал илүү ашигтай

“Оюутолгой” компани гурван жилийн өмнө өөрийн хүчээр судалгаа хийсний дүнд  уурхайн хажууд 450 Мвт-ийн хүчин чадалтай цахилгаан станц барих бэлтгэлийг урьдчилсан байдлаар хангаад байсан. Цахилгаан станцын зураг төсөл, судалгаа тооцоонууд бүгд хийгдсэн. Манай компани зураг төсөл дээр нь зөвлөх үйлчилгээ үзүүлсэн юм. Зураг төслийг монгол хэл дээр хөрвүүлж, холбогдох яаманд танилцуулахад ч бид оролцсон. Тэр үед “Оюутолгой” компанийнхан “Бид Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэж байгаа. Цахилгаан станц барих зөвшөөрөл өгвөл бид барина. Бэлтгэл ажил хангагдсан” гэж ярьж байсан. Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа энэ яриа гэнэт чимээгүй болчихсон. Дараа нь сонсоход эхний уурхай ашиглалтад ортол хэдэн жил Хятадаас 220 Квт-ийн өндөр хүчдэлийн шугамыг Оюутолгой руу  татаж, яваандаа том хүчин чадлын цахилгаан станц барихаар тохирцгоосон  юм билээ.
 

“Оюутолгой” компани уурхайн хажууд цахилгаан станц барихын тулд газрын зөвшөөрлөө аваад, шаардлагатай ажлуудаа хийчихсэн бол ЭБЭХЯ хоёр гурван жилийн өмнө төсөв мөнгө гарган Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулсан. Өмнөговь аймагт эрчим хүчний хэрэглээ асар их. Тиймдээ ч Засгийн газар энэ бүс нутгийг ойрын хугацаанд эрчим хүчээр хангах шийдвэр гаргалаа. Инженер хүний хувьд, тэр тусмаа томоохон цахилгаан станцуудын барилгын тооцоо судалгаа, зураг төсөл хийдэг компанийн захирлын хувьд саналаа хэлэхэд, 600 Мвт-аас багагүй хүчин чадалтай цахилгаан станц барья гэвэл  Тавантолгойн уурхайг түшиглэх нь илүү үр өгөөжтэй.
 

Цахилгаан станцын нийт зардлын 40-50 хувийг нүүрс эзэлдэг. Тиймээс уурхайн нүүрсээ  шууд ашиглан цахилгаан станцаа ажиллуулбал зардал хамаагүй бага гарна. Хэрэв Оюутолгойд цахилгаан станц баривал 180 орчим километр газраар жилдээ 3-4 сая тонн нүүрс тээвэрлэх шаардлага гарна. Энэ бол маш их зардалтай ажил. Түүний оронд Тавантолгойн ордод цахилгаан станц бариад 220 Квт-ийн өндөр хүчдэлийн шугамыг Оюутолгой руу ердөө зуу гаруй километр татаад л асуудлыг шийдчих хэрэгтэй. Ингэвэл шугамын алдагдал ч бага байна. Энэ утгаараа Тавантолгойн уурхайг түшиглэсэн цахилгаан станц барих нь эдийн засаг, нийгмийн амьдралд илүү үр дүнгээ өгнө.   



Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ын ¹006 дугаараас уншина уу.