Б.ТӨГСБИЛЭГТ
Монголын уул уурхайн салбарт жишиг үнэ нэртэй “бул хар чулуу”-г хувийн хэвшлийнхэн төдийгүй төрийн өмчийн компаниуд ч нуруундаа үүрч буйг тавдугаар сарын 20-нд болсон “Эрдсийн бүтээгдэхүүний үнэлгээ” хурлаар хөндсөн юм. Товчхондоо түүхий эд, боловсруулсан цэвэр бүтээгдэхүүн хоёрын үнийн зөрүү дэх татварын “инфляци”-д салбарын компаниуд нэрвэгдэж эхэлжээ. Энэхүү хувь заяатайгаа эвлэрч суух тэвчээр компаниудад байлаа ч дэлхийн хэмжээний уул уурхайн төсөл эхлүүлэх гэж буй Монгол улсын хувьд жишиг үнийн тогтолцоонд гүн гэгч нь шургалсан “бул чулуу”-г гаргаж хаяхгүй бол хэрхэвч болохгүй тухай салбарынхан төр, засгийнханд учирлав.
Энэ асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн хоорондоо маргах, мэтгэлцэхийг хослуулан зөвлөлдсөн юм. Хувийнхан бодит байдалд нийцсэн татвараа төлмөөр, харин татварынхан хураах “ургац”-ынхаа хэмжээг бууруулахыг хүсэхгүй байгаа энэ хоёр зөрчилтэй байр суурийн цаана чухам ямар асуудал байна вэ?
Жишиг үнэ “бул чулуу” болох нь
SouthGobi Sands-ын төлөөлөгч Б.Дэлгэрсайхан: “Экспортын нүүрсний тонн тутамд бид 6 ам.доллар илүү төлж байна” гэв. Тодруулбал, тэд нөөц ашигласны төлбөрт бодит үнээр тооцвол 4.4 ам.доллар төлөх ёстой ч одоогоор 10.7 ам.доллар татварт өгч буйгаа илтгэлдээ тэмдэглэсэн юм. Мөн нүүрсний бусад том компаниуд болох МАК, “Энержи ресурс” ч энэ хэмжээгээр илүү татварын эзэд болоод буй ажээ.
“Металимпекс” ХХК-ийн төлөөлөгч Л.Бямбажав: Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал нь Ашигт малтмалын тухай хуулийн “экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тогтоохдоо тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална” гэсэн заалттай зөрчилдөж байна. Хэрэв бид Ашигт малтмалын хуулийн дагуу нөөц ашигласны төлбөрөө төлбөл жилд 5 сая ам.долларыг төлнө. Гэвч экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ тооцох аргачлалын дагуу нөөц ашигласны төлбөрт жилд 8 сая доллар төлж байгаа юм. Татвараа төлөх нь бидний үүрэг. Гэвч татвар хуулийн дагуу байх ёстой. Борлуулалтын үнэлгээ тооцох аргачлалд боловсруулалтын зардлыг хасч тооцдог байх заалтыг оруулж, энэхүү аргачлалыг Ашигт малтмалын тухай хуулийн заалттай нийцүүлэн шинэчлэх шаардлагатай байна. Олон улсын зах зээлд баяжмалын үнийг тооцохдоо боловсруулалтын зардал, хорогдол зэргийг хасч тооцдог.
Жишиг үнэ хуульд үндэслэсэн зүйл
Татварын ерөнхий газрын Улсын байцаагч Б.Галбадрах: Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ тооцох аргачлалыг ҮТЕГ-ын даргын 2010 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалаар баталсан юм. Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д тухайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь худалдахаар ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө гэж байгаа. Борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална гэж уг хуулийн 47.2.1-д заасан.
Үнэлгээ тооцох аргачлалын 2.8 дахь заалтад экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс боловсруулалтын болон бусад зардлыг нөөц ашигласны төлбөрөөс хасч тооцохгүй гэсэн байгаа. Энэхүү заалтын үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуульд борлуулалтын үнэлгээг тооцоход боловсруулах зардлыг хасч тооцно гэж заагаагүй, түүнчлэн татварын бусад хуульд “төлбөр”-өөс зардал хасах заалт байхгүй гэсэн үндэслэлээр тэрбээр тайлбар хийсэн юм.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹ 006 дугаараас уншина уу.