Өмнийн говийг эрчим хүчээр хангах тухай асуудлаар ЭБЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.ЦЭРЭНПҮРЭВ-тэй Г.Идэрхангай ярилцлаа.
Говийн бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг 2016-2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч дөрвөн жилээр наашлуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Хугацааг ингэж нааш татсан нь “Оюутолгой” төслийн бү¬тээн байгуулалт зогсонги байдалд орохоос сэргийлсэнтэй холбоотой юу?
Бид анх Оюутолгой ордыг ашиглахад дээд талдаа 280 МВт-ийн эрчим хүч шаардлагатай гэж төлөвлөж байсан. Үүнийг эхний ээлжинд эрчим хүчний шугам татах замаар шийдвэрлэе, дараа нь Тавантолгой орд дээр 600 МВт-ийн цахилгаан станц барья гэж тооцоолж, төлөвлөсөн юм. Энэ чиглэлийн судалгаа ч явуулсан. Гэтэл цаг хугацаа, нөхцөл байдал, ажлын явцаас шалтгаалаад говийн бүсэд цахилгаан станц барих ажлыг шуурхайлах шаардлага гарч байна. Цахилгаан станцыг Оюутолгой, эсвэл Тавантолгойд барих гэсэн хоёр хувилбарыг холбогдох яам, байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг судалж байгаа.
Өөрөөр хэлбэл, цахилгаан станц барих хугацааг Засгийн газар нааш татаж, барилгын ажлыг нэн даруй эхлүүлэхээр шийдвэрлэсэнтэй уялдуулан манай яам станцыг чухам хаана барихыг зургадугаар сард багтаан шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Ингэснээр цахилгаан станцын бүтээн байгуулалт 2012 онд эхлэх боломж бүрдэнэ.
Тавантолгой орд дээр цахилгаан станц барихаар танай яам анх төлөвлөсөн. Үүнийг Тавантолгой төдийгүй Оюутолгой ордыг түшиглэж байгуулах үйлдвэр аж ахуйн газрууд төдийгүй орон нутгийг эрчим хүчээр хангах зорилготой гэсэн өргөн агуулгаар хардаг хүмүүс бий?
Говийн бүсийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх бодлогыг ЭБЭХЯ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой зөвшилцөөд Засгийн газарт оруулахдаа Тавантолгой орд дээр цахилгаан станц барихаар төлөвлөсөн юм. Гэвч судалгаа хийх явцад усан хангамжийн нөхцөл байдал тун төвөгтэй байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулах болсон. Усны хайгуул, судалгаа хийгдэж буй ч эцсийн дүгнэлт гараагүй байна. Тиймээс усны нөөц боломжоос шалтгаалж Оюутолгойд цахилгаан станц барих ажлыг хариуцуулна гэж хэлэх эрт байна. Мэдээж уурхайгаа түшиглэн цахилгаан станц барих нь зохистой гэж салбарын яам үзэж байгаа. Энэ асуудлаар манай яам болон Эрчим хүчний газар, “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлага болон “Оюутолгой” компанийн эрчим хүчний судалгааны баг хамтран хоёр үе шаттай судалгаа хийж байна. Эцсийн үр дүн гарахаар цахилгаан станцыг хаана барих нь илүү тодорхой болно. Түүнээс наана энэ тэнд барина гэж шууд хэлэх боломжгүй. Судалгаагаа маш сайн хийж, үндэслэлүүдээ зөв гаргах ёстой. Олон улсын туршлагатай экспертүүд, орон нутгийн зүгээс судалгааг үр дүн сайтай хийх тал дээр бидэнд зөвлөж байгаа. Газрын гүний усыг хамаагүй ашиглаж болохгүй, Тавантолгой ордын уурхайг түшиглэн байгуулах баяжуулах, угаах үйлдвэрт ус хэрэгтэй. Энэ бүхнийг зөв хуваарилах хэрэгтэйг сануулж, зөвлөж байгаа. Эхний үе шатны судалгаа дуусаад одоогоор хоёр дахь үе шат руугаа ороод явж байна. Төрийн өмчийн хороо Сингапурын нэр хүнд бүхий компанийг зөвлөхөөрөө ажиллуулж байгаа юм билээ. Энэ компанийн хөндлөнгийн дүгнэлт ч бас гарах ёстой.
Цахилгаан станц барихын тулд эхлээд ТЭЗҮ үнэн зөв хийгдэх ёстой. Энэ тал дээр ахиц гарч байна уу?
Тийм ээ. Цахилгаан станц барихын тулд юуны өмнө Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах шаардлагатай. Үүний өмнө урьдчилсан судалгаанууд хийгдэнэ. Хэрэв Тавантолгойд барихаар бол цахилгаан станцад шаардагдах урт хугацааны усан хангамжийг шийдвэрлэх, шаардлагатай нэмэлт судалгаа хийх, холбогдох ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны үнэлгээ зэргийг ойрын үед хийх хэрэгтэй болно.
“Оюутолгой” компани “Оюутолгой” төслийн тусгай зөвшөөрөлтэй талбай болон түүний ойр орчимд цахилгаан станц барих сонирхолтой байгаа. Энэ компани усны нөөц, байгаль орчин, ТЭЗҮ-тэй холбоотой ажлуудыг тодорхой хэмжээгээр хийчихсэн. Цахилгаан станц барих нөхцөл бүрдсэн тохиолдолд хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын зүгээс тодорхой ажлууд хийгдээд явах нь тодорхой.
Ерөнхий том утгаар бол цахилгаан станцыг Тавантолгой ордод түшиглэн барьж, говийн бүсийг эрчим хүчээр хангах нь зүйтэй гэдэг талаас бид харж байгаа.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹ 006 дугаараас уншина уу.