Улс орныг хамарсан дизель түлшний хомсдолоос шалтгаалан уул уурхайн салбар хүндхэн байдалд ороод цөөнгүй хоногийг үдэж байна. Зарим аж ахуйн нэгж бүр үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Энэ үед “эхний ээлжинд 5000 тонн дизель түлш орж ирлээ” гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгөв. “Оргүйгээс охинтой нь дээр” гэдэг шиг энэ нь “амь тариа” төдий тус үзүүлэх нь дамжиггүй. Юутай ч 5000 тонн дизель түлш орж ирснээр өчигдрийн байдлаар манай улс 17 мянган тонн нөөцтэй боллоо. Монгол улс сардаа 30-40 мянган тонн дизель түлшний хэрэглээтэй. Энэхүү нийт хэрэглээний 57 хувийг уул уурхайн салбар эзэлдэг.
Гэтэл уул уурхай, газар тариалангийн ажил ид өрнөдөг цагаар түлшний хямрал нүүрлэсэн нь аж ахуйн нэгжүүдийг ихээхэн эрсдэлд оруулж буй гарцаагүй. “Роснефть” хэмээх “вант улс” өнгөрсөн тавдугаар сард манай улсад 8000 мянган тонн түлш нэмж нийлүүлнэ гэсэн ч энэ нь хугацаандаа ирж чадаагүй билээ. Харин энэ зургадугаар сард 35 мянган тонн дизель түлш нийлүүлнэ гэж амласны эхний ээлж нь болж өчигдөр 2000 тонн түлш ачсан галт тэрэг ирсэн байна. Дизель түлшний хямралын энэ өдрүүдэд эрхэм Ерөнхийлөгч маань ОХУ-д айлчилж, асуудлыг тавьсны хариуд тус улсын Ерөнхий сайд В.Путин “Роснефт-ийн нөөцөөс дизель түлшний нийлүүлэлтэд анхаарна” хэмээн амласан. Нөгөө талаас манай сайд, дарга нар Хятадаас 3000 тонн дизель түлш авах тохиролцоонд хүрээд байгаа.
ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүүгийн тайлбарласнаар нийтдээ 40 орчим мянган тонн дизель түлшний нөөцтэй болох юм байна.
Гэхдээ ингэлээ гээд Монгол улс дизель түлшээр хангагдчихна гэсэн үг биш. Манай улс сардаа 30-40 мянган тонн дизель түлшний хэрэглээтэй. Үүний 57 хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Иймд ганц “Роснефть” гэлтгүй дизель түлш нийлүүлж болох өөр олон суваг нээж олохыг Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан сануулна билээ. Дизель түлшний хомсдол уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар “Mongolian Mining Journal” доорх тодруулгыг авсан юм.
ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын мэргэжилтэн Л.Раднаасүрэн:
Захиалсан дизель түлшний хэмжээгээр нийлүүлэхгүй байна
Дизель түлшний хомсдолын улмаас зарим уурхайн үйл ажиллагаа доголдож байна. ЭБЭХЯ-ны зүгээс энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Өмнөговь аймагт нүүрс олборлож байгаа уул уурхайн компаниудын удирдлагыг ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригт хүлээн авч уулзахдаа, дизель түлшний өнөөгийн нөхцөл байдлыг ойлгуулж, уурхайн үйл ажиллагаа түр хугацаагаар хязгаарлаж, зогсоохыг хүссэн юм. Тэд бүгд сайдын хүсэлтийг хүлээж авсан. Зарим уурхай үйл ажиллагаагаа зогсоосон бол зарим нь зөвхөн хөрс хуулалтын ажлаа л хийе гэдгээ илэрхийлсэн. Нүүрс тээвэрлэлтээ зогсоогоод, хөрс хуулалтын ажлаа үргэлжлүүлж байгаа аж ахуйн нэгжүүд бий.
Зөвхөн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дизель түлшний хэмнэлт хийж байгаа хэрэг үү?
Үгүй ээ. Бүх уурхай дизель түлшний хэмнэлтийн арга хэмжээ авч байгаа. Ингэснээр уурхайнууд руу чиглэсэн дизель түлшний урсгалыг нийтийн тээвэр болон газар тариалан, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн хэрэглээнд зарцуулах боломжтой болсон.
Тун удахгүй 34000 дизель түлш Монголд орж ирнэ гэж байгаа. Ийм хэмжээний дизель түлш уурхайнуудын үйл ажиллагаагаа сэргээхэд хүрэлцэхүйц байж чадах уу?
Ер нь аж ахуйн нэгжүүд дизель түлшийг их хэмжээгээр захиалж байгаа. Учир нь, өнгөрсөн үйл явдлаас сургамж аваад түлш шатахуунаа нөөцлөх асуудлыг давхар тооцож байх шиг байна. Тэгээд л дизель түлшний захиалга эрс ихэсчихлээ. Гэвч ОХУ яг бидний захиалсан дизель түлшний хэмжээгээр нийлүүлэхгүй байна. Сарын хэвийн хэрэглээнд тохирохуйц дизелийн түлш, шатахууныг хуваарилж байгаа.
ЭБЭХЯ-ны зүгээс уурхайнуудыг түлшний хомсдолоос гаргах тал дээр цаашид ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
Манай улсад байгаа одоогийн дизель түлшний нөөц, үлдэгдэл, цаашид орж ирэх дизель түлшний хэмжээг холбогдох яам, агентлагууд илүү нарийн тодорхойлж гаргахаар ажиллаж байна. Үүн дээр дүгнэлт хийгээд, цаашид яах вэ гэдгээ шийднэ. Уурхайнуудын үйл ажиллагааг буцааж сэргээх үү, эсвэл дизель түлшний зарцуулалтын хязгаарлалт хийх хугацааг сунгах уу гэдгийг өнөөдөр шийднэ.
Д.Зоригт сайдын өгсөн чиг үүргийн хугацаа хэзээ дуусах вэ?
Бид тавдугаар сарын 25-нд хуралдаж, арав хоногийн хугацаатай чиг үүргийг уул уурхайн компаниудад өгсөн юм. Энэ хугацаа өчигдөр дууссан. Бид дизель түлшийг аж ахуйн нэгжүүдэд аль болох бололцооны хэмжээгээр нийлүүлэхээр шат шатандаа ярьж байгаа. Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр дизель түлшний асуудлыг онцгой анхаарч ярилцсан. ОХУ ямар ч байсан өөрийн дизель түлшний нөөцөөсөө Монголд нийлүүлнэ гэсэн. Тэгэхээр дизель түлшний хомсдол арилж, уурхайнуудын үйл ажиллагаа жигдэрнэ байх.
Уул уурхайн компаниуд сардаа хэчнээн тонн дизель түлш хэрэглэж байна вэ?
Дизель түлшний 57 хувийг уул уурхайн компаниуд хэрэглэдэг. Ерөнхийдөө сараар бодож үзэх юм бол “Оюутолгой” 4300 тн, “Багануур” 700 тн, “Эрдэнэс Тавантолгой” ХК 330, “Тавантолгой” ХК 5000 тн, “Эрдэнэт” 1150 тн, “Шивээ-Овоо” 300, “Шарын гол” 115 тн дизель түлш хэрэглэж байна.
Ийнхүү уул уурхайн компаниуд түлшний зарцуулалтаа хэрхэн хэмнэж байгаа талаар зарим хүмүүстэй утсаар холбогдож, тодруулсан юм.
НҮҮРС ОЛБОРЛОЛТ ЗОГСОЖ БОЛЗОШГҮЙ
“Монголын алт” компанийн Үйлдвэрлэл, бодлогын газрын мэргэжилтэн н.Машбат:
Дизель түлшний хомсдолын улмаас манай уурхайн уулын ажлууд зогсоод байгаа. Ялангуяа хөрс хуулалтын ажлууд хүндхэн байдалд орсон.
Дорноговийн Элдэвийн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажил зогссон. Хөрс хуулалт зогсоно гэдэг маш эрсдэлтэй. Нүүрс олборлолтын үйл ажиллагааг доголдуулна гэсэн үг. Одоо байгаа дизель түлшний нөөц маань нэг, хоёр сарын дараа дуусвал уурхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, бүр зогсоход хүрч болзошгүй. Одоохондоо түлшний нөөцөөр боломжийн ажиллаж байна. Манай компани өдөрт дунджаар 5-15 тонн дизель түлш хэрэглэдэг. Гэхдээ энэ нь тухайн өдрийнхөө уурхайн ажлаас шалтгаалж хэлбэлздэг. ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригтын өгсөн чиглэлийн дагуу дизель түлшний зарцуулалтын хэмжээгээ багасган ажиллаж байгаа.
ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ХОМСДЛООС БОЛООД ЗОГСОЛТ ХИЙСЭН ЗҮЙЛ АЛГА
”SGS” компанийн Олон нийттэй харилцах албаны дарга Б.Дэлгэрсайхан:
Манай уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Д.Зоригт сайдын өгсөн чиглэлийн дагуу манай компани үйл ажиллагааныхаа хүчин чадлыг багасгах тал дээр анхаарч ажиллаж байна. Монгол улсын дизель түлшний 57 хувийг дан уул уурхайн компаниуд эзэлдэг гэдэг шүү дээ. Энэ утгаараа уул уурхайн компаниуд дор бүрнээ жаахан хэмнэлт хийчих юм бол нийт улсын дизель түлшний хэрэглээнд бага ч гэсэн нэмэр болох болов уу.
“Багануур” ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Б.Базар:
Дизель түлшний нийлүүлэлт буурснаас болж өнгөрсөн тавдугаар сард манай уурхайд хөрс хуулалтын ажил бүтэн долоо хоног саатлаа. 100 метр куб талбайн хөрс хуулалт огт хийгдээгүй гэсэн үг. Одоогоор дизель түлшний долоо хоногийн л нөөцтэй байна. НИК компаниас манайд гэрээний дагуу хоёр вагон галт тэрэг дизель түлш нийлүүлсэн. Уурхайн үйл ажиллагаа одоогоор хэвийн явагдаж байна. Цаашдаа яахыг сайн хэлж мэдэхгүй байна.