Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголын талын эзэмшлийн 34 хувь буурахгүй байхыг баталгаажуулав


   
Төрийн ордонд өнөөдөр  /11 цагт/ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт, өөрчлөлт болон Хөрөнгө оруулагч талуудын хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээнд  гарын үсэг зурах ёслол боллоо.
Хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн нэрийн өмнөөс “Рио Тинто” компанийн Зэсийн бүлгийн гүйцэтгэх захирал Эндрью Хардинг,  Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, “Оюутолгой” ХХК-ийг төлөөлж Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРэй, “Айвенхоу Оюутолгой” (БиВиАй) Лтд-ийг төлөөлж Хууль, эрх зүйн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Фониани, “Оюутолгой Нидерланд БиВи”-ийг төлөөлж Бизнес хөгжил хариуцсан Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сэм Риггал нар гарын үсэг зурав.
“Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компани Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу "Оюутолгой" ХХК-д эзэмшиж буй аливаа хувьцаагаа төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсвэл “Оюутолгой” ХХК-ийн шууд буюу шууд бус хамааралтай этгээдэд худалдах, шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж, бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр тохиролцов.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг 2010 оны гуравдугаар сарын 31-нд баталсан. Ингэснээр Монголын тал “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч, хувь нийлүүлэгч болсон юм. Эдгээр гэрээ хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд төслийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцөлийг Монголын талд илүү үр ашигтайгаар шийдвэрлэх зэрэг асуудлаар яриа хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай эрчимтэй хийснээр энэхүү үр дүнд хүрсэн юм.
Оюутолгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг баталсан Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад Хөрөнгө оруулалтын гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцохыг Засгийн газарт даалгасан байдаг. Дээрх тогтоолд заасан зарчим, удирдамжийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед, Айвенхоу Майнз Лимитед корпораци, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан бөгөөд хөрөнгө оруулагчаас 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг үе шаттайгаар авахаар тохиролцсон юм.


Урьдчилгаа төлбөрийг үе шаттайгаар авахаар заасны дагуу 2009 оны 10 дугаар сард эхний 100.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулагчаас хүлээн авсан. Мөн 2 дахь урьдчилгаа төлбөр болох 50.0 сая ам.долларыг нь 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авсан билээ.

Үлдсэн урьдчилгаа төлбөрийн харилцааг зохицуулах зорилгоор УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолыг үндэслэн Засгийн газраас 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 164 тоот тогтоолоор “Оюутолгой” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах гэрээг байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрсөн юм.

 Ийн  гэрээг байгуулсанаар “Оюутолгой” ХХК-аас 100 сая долларыг өнөөдөр Монголын талд шилжүүлж байгаа аж.

Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хийгдэж байгаа сүүлийн 150 сая ам.долларын төлбөр нь энэхүү “Урьдчилгаа төлбөрийн гэрээ”-ээр зохицуулагдах юм. Гэрээний дээрх нийт 150.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт жилийн 1.59 хувийн хүү төлөх ба урьдчилгаа төлбөрийг, хүүгийн хамтаар Хөрөнгө оруулагчийн татвараас 5 жилийн дотор суутган тооцож барагдуулах билээ.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:

 -Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсноор Монголын тал “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч, хувь нийлүүлэгч болсон. Дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд төслийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцөлийг Монголын талд илүү үр ашигтай байдлаар шийдвэрлэх зэрэг асуудлаар хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ Засгийн газрын ажлын хэсгийн төвшинд эрчимтэй хийгдлээ. Өнгөрсөн таван сарын хугацаанд хийсэн яриа хэлэлцээний үр дүнг товч танилцуулж байна.
“Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дараах нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Үүнд:

•    Санхүүжилт болон зээлийн хувь хэмжээний хувьд, Төслийн хүрээнд хийх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ 9,9 хувь дээр нэмэх нь АНУ-ын инфляц байсныг өөрчлөн Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5%-иар тооцохоор боллоо. 2011 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн энэ тохиролцоог мөрдөх юм.
•    Монголын талын санхүүжилт хийх эрхийн хувьд, Монголын тал төсөлд шаардлагатай нийт мөнгөн хөрөнгийн өөрт ноогдох хэсгийг ямар ч үед гаргах эрхтэй боллоо.
•    Санхүүжилтийн эрсдлээс хамгаалах хувилбар /Funding hedging options/-ын хувьд Дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдлаас шалтгаалан хэрэв Лондонгийн банк хоорондох зээлийн хүү компани болон хувь нийлүүлэгч талуудад өндөр өртөгтэй болох тохиолдолд компани санхүүжилтийн эрсдлээс хамгаалах арга хэмжээ авах мөн санхүүжилт болон зээлийн хүүгээ долоон жил тутам дахин судалж хэлэлцэхээр болов.
•    Гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилт: Компани нь олон улсын банкны зах зээлээс Оюутолгой төслийн хувьд үр өгөөжтэй, зохистой гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг тэргүүн ээлжинд авч ашиглах заалтыг нэмж тусгалаа.
•    Монголын талын эзэмшлийн 34 буурахгүй байхыг нэг мөр баталгаатай болголоо.  Монголын талын эзэмших 34 хувь буурахгүй байх асуудлыг өмнө нь гэрээнд тусгасан байсан.  Харин манай талаас шаардсан мөнгөн хөрөнгийг компанид нийлүүлэхээр шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран Монголын талын хувь эзэмшил 34 хувийг түүний зөвшөөрөлгүйгээр бууруулахгүй байх асуудлыг гэрээний төсөлд холбогдох заалтуудаар давхар баталгаажууллаа.
•    Давуу эрхийн хувьцааны хувьд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан давууэрхийн хувьцаатай холбоотой аливаа асуудлыг бүрэн өөрчлөх үүднээс гэрээнээс хасахаар хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцлоо.

Хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээнд гарын үсэг зурлаа.  Үүнд:

Хөрөнгө оруулалтын гэрээний тал “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компани гэрээний дагуу "Оюутолгой" ХХК-д эзэмшиж буй аливаа хувьцаагаа төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсвэл “Оюутолгой” ХХК-ийн шууд буюу шууд бус хамааралтай этгээдэд худалдах, шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр тохиролцсон. “Рио Тинто” компани Монгол Улсад хийсэн энэ томоохон төсөлд страгтегийн хөрөнгө оруулагч болж орж ирж төслийн оператор компанийн хувьд байр сууриа цаашид хадгална гэсэн ийм гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэж хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс тэргүүн ээлжинд авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, өмнө нь гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцааны асуудлыг өөрчлөх, Монголын талын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэрэг асуудлыг тусган нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн хөрөнгө оруулагч талууд хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан асуудлаар тусдаа гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажууллаа гэлээ.



                                                                                                                                          Г.Идэр