Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООЛОО
“Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.
Үүнтэй холбогдуулан алтны шороон ордны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагийг хавсралтаар батлав.
Дээрх газруудад алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөх олговрын хэмжээг эцэслэн тооцож, улсын төсөвт тусгаж шийдвэрлэхийг Ажлын хэсэг болон Сангийн сайдад даалгалаа.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын ашиглалтын үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зардлыг тогтооход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гарган, энэ оны төсвийн тодотголд тусгаж, нөөцийг нөхөн бүрдүүлэх юм.
Усны урсац бүрэлдэх эхийн хэсэгчлэн тогтоосон хамгаалалтын бүсэд алтны шороон ордын 17 тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд 29,803 км.кв, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд 92 тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд 139.376 км.кв, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагт 127 тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээнд 174.1426 км.кв талбайг авсан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
263730 ГА ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА
Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумын нутагт Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дэд бүтцийн барилга байгууламж, зам, гүний усны шугам хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам, холбооны станц барих 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг хавсралтаар баталлаа.
Тусгай хэрэгцээнд авсан дээрх газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд солих, эргүүлэн авахад шаардлагатай хөрөнгө, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайтай давхацсан талбайд ноогдох нөхөх олговрыг тооцож “Оюутолгой” компаниар гаргуулахаар тогтсон байна.
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дэд бүтцийн барилга байгууламж, зам, гүний усны шугам хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам, холбооны станц барих талбайн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах юм. Энэ чиглэлээр хийсэн ажлынхаа дүнг энэ оны 3 дугаар улиралд танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА
БНХАУ-ын Засгийн газраас манай улсад 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Орон сууцны хороолол, дэд бүтэц”, “Төмөр замын зам барилгын засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх төсөл” хэрэгжүүлнэ.
Засгийн газрын хуралдаанаар энэ төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах тухай хэлэлцэн дэмжлээ.
“Төмөр замын зам барилгын засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-ийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “CSR corporation”, “CSR Shijiazhuang Co.Ltd” компани шалгарч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулсан байна. Дэд төслийн зээлдүүлэгчийн зүгээс 24,300,140 ам.долларын санхүүжилт хийх юм.
Мөн “Орон сууцны хороолол, дэд бүтэц” төслийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын “Beejni Constraction Engineering Group Co.Ltd” компани шалгарч гэрээгээ байгуулжээ. Энэ төсөлд зээлдүүлэгч тал 99,908,164 ам.доллар зарцуулна.
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу төслийн гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх үүрэг хүлээсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ОНГОЦНЫ БУУДАЛ БАРИХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЦАГ АЛДАЛГҮЙ ЭХЛҮҮЛНЭ
“Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал” барих төслийг санхүүжүүлэхэд дутагдаж буй эх үүсвэр, сонгон шалгаруулалтын тухай Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.
Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа дээрх төслийн үндсэн хэсгийн барилгын ажилд дутагдаж буй санхүүгийн эх үүсвэр болон үндсэн хэсгээс гаднах энгийн технологитой зарим барилга, талбайн ажлуудыг дотоодын хөрөнгөөр санхүүжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.
Шаардагдах санхүүжилтийн хуваарийн дагуу эх үүсвэртэй уялдуулан тухайн жилийн төсөвт суулгахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалт болон Сангийн сайд нарт даалгаад ажлын явцыг танилцуулж байхыг Засгийн газрын тэргүүн С.Батболд үүрэг болгов. Мөн энэ ажил маш ойлгомжтой, хариуцлагатай, нээлттэй байхаас гадна хурдтай ажиллах ёстойг анхаарууллаа.
“Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал” барих төслийн зөвлөх компани төслийн анхан шатны зураг, төслийг 2010 оны 1 дүгээр сард дуусгаж, нийт өртгийг 47,1 тэрбум иен гэж тооцсон нь урьдчилсан судалгааны буюу Төсөл боловсруулах тусгай туслалцааны судалгаа /ТБТТС/-ны өртгөөс 24,5 тэрбум иенээр давжээ.
Зээлийн хэлэлцээрт “Зээлийн хөрөнгө нь төслийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгч нь шаардлагатай хөрөнгөөр хангах шуурхай арга хэмжээ авна” гэж заасан. Үүнийг үндэслэн ТБТТС-ны ажлын хэмжээнд тааруулсан төслийн үндсэн хэсгийн барилгын ажилд дутагдаж байгаа санхүүгийн эх үүсвэр болон энгийн технологитой зарим барилга, талбайн ажлуудыг дотоодын хөрөнгөөр санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Манай тал энэ төслийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд буюу 2012-2015 онд 121 гаруй тэрбум төгрөг гаргах шаардлагатай юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.