Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний модулийн нээлт болно

Жилдээ 5 хүртэлх сая тонн нүүрс угааж, боловсруулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ эхний хэсгийг “Энержи ресурс” компани  ашиглалтад оруулах гэж байна. “Ухаахудаг” төслийн хүрээнд хийгдэж буй энэхүү үйлдвэрийн зураг төслийг Австралийн нэр хүндтэй “Сежмен” компани гүйцэтгэсэн юм. Нийт 3 модуль бүхий загварт суурилсан нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний модулийн нээлтийг энэ сарын 11-нд хийхээр төлөвлөжээ.  Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор  Монгол улсын  уул уурхай, тэр дундаа  нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэх юм.

Дотооддоо төдийгүй бүс нутгийн хэмжээнд анхдагчид тооцогдох энэхүү үйлдвэрт Австрали, АНУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн иж бүрэн автомат удирдлагатай, бүтээмж өндөртэй цогц төхөөрөмжийг суурилуулаад байгаа аж.  Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн нь 8-10 хувийн үнсжилттэй экспортын коксжих нүүрсний баяжмал ба эрчим хүчний нүүрс байх  юм байна.  Нүүрс баяжуулалтын үндсэн технологи нь олон улсад өргөн хэрэглэгддэг хүнд орчинд хүндийн хүчний аргаар ангилан баяжуулах, хөвүүлэн баяжуулах машин ашиглан ялгаж баяжуулах аргачлалыг хэрэглэх гэж буйгаараа онцлогтой. Түүгээр ч зогсохгүй “Сежман” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрүүдэд ашигладаг автоматжуулалтын CitectSCADA, тайлан мэдээлэл солилцооны Scope, засвар үйлчилгээний төлөвлөлтийн МEX, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны Cintellate (Chem Alert) зэрэг програм хангамжийг ашиглах юм байна. Ингэснээр үйлдвэрийн үйл ажиллагааг нарийн төлөвлөх, хянах, засвар үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэх, мэдээлэл солилцоог сайжруулах боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.