Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Эрдсийн бүтээгдэхүүний биржийн ТЭЗҮ боловсруулъя

Манай улсын жоншны баяжмалын олборлолт болон экспортод  30 гаруй аж ахуйн нэгж оролцдог бол төмрийн баяжмал, боловсруулаагүй нүүрсний худалдаанд нэлээд олон аж ахуйн нэгж оролцож байгаа. Нүүрс, төмрийн хүдэр, жоншны баяжмалаа дэлхийн зах зээлийн үнээр борлуулж чадахгүй, экспортын ихээхэн орлогоо алдаж байгаа явдлыг зогсоох хэрэгтэй байна гэсэн саналаа уул уурхайн салбарын  мэргэжлийн байгууллагууд илэрийлсээр байгаа билээ. Жишээ дурдахад,  төрийн өмчит “Монголросцветмет” ХХК 75 хувийн агуулгатай металургийн жоншны баяжмалыг DAF Наушка нөхцөлөөр 1 тонныг нь 140 ам.доллараар, хувийн аж ахуйн нэгж, хувь хүмүүс 1 тонныг 80-100 ам.доллараар экспортолсон байна. “Монголросцветмет” компани жилд 16 мянган тн, бусад аж ахуйн нэгж 200-250 мянган тн металургийн жоншны баяжмал экспортолдог гэсэн мэдээлэл бий.

Гэтэл ОХУ, Хятад болон Өмнөд Солонгосын худалдааны зуучлагч пүүсүүд манай жонш, төмрийн хүдэр, баяжмалыг маш бага үнээр худалдан авдаг. Үүний зэрэгцээ нүүрсний экспортод төрийн зүгээс олигтой зохицуулалт байхгүй. Нүүрсээ уурхайн амнаас нь зах зээлийн үнээс  хамаагүй доогуур ханшаар худалдаалдаг.
“Энержи ресурс”, МАК болон SGS зэрэг компани нүүрс угаах, баяжуулах  үйлдвэр барьж ашиглалтад оруулах гэж байгаа.  Монголын экспортлогчдын холбооны үзэж буйгаар, нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийг уурхай бүр байгуулж хөрөнгө, зардал гаргаснаас бүс нутгийн зориулалттай нүүрс угаах болон баяжуулах дунд хүчин чадлын үйлдвэр байгуулж ажиллуулах нь ихээхэн ач холбогдолтой аж. Дээрх асуудлыг зохицуулах үүднээс манай улсад эрдсийн бүтээгдэхүүний бирж байгуулах шаардлага зайлшгүй тулгарчээ.

Эрдсийн түүхий эд, бүтээгдэхүүний бирж байгуулснаар зах зээлийн бодит үнэ тогтоох, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, чанарын  стандарт бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг түүхий эдээр тогтвортой хангах, эрдсийн худалдааны эрх зүйн орчныг сайжруулах  боломж бүрдэх юм.

Иймээс Монгол улсад эрдсийн бүтээгдэхүүний бирж байгуулж ажиллуулах ТЭЗҮ-г мэргэжлийн байгууллагаар ойрын хугацаанд боловсруулах шаардлагатайг  Монголын экспортлогчдын холбоо болон бусад мэргэжлийн байгууллагууд сануулж байна.