Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 12 дугаар хуралдаан Төрийн ордонд энэ сарын 13-14-ний өдрүүдэд болж байна.
Комиссын хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Шадар сайд, Комиссын Монголын хэсгийн дарга М.Энхболд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг Хятадын Худалдааны яамны орлогч сайд, Комиссын Хятадын хэсгийн дарга Чэн Зянь нар тэргүүлэн оролцлоо. Комиссын хуралдааны үеэр хоёр тал Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өнөөгийн явцад дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Хуралдааны үр дүнд талууд Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр болон Монгол улсын Сангийн яам, БНХАУ-ын ЭКСИМ банкны хооронд 300 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын орон сууцны төсөл”, “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах төсөл”-ийн зээлийн тусгайлсан хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт 30 сая юаны буцалтгүй тусламжийг олгосон баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг Хятадын Худалдааны яамны орлогч сайд, Комиссын Хятадын хэсгийн дарга Чэн Зянь хуралдааны эхэнд Монголын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүсэв.
Уг хуралдаан нь Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 13-17-нд БНХАУ-д айлчлах өдрүүдэд болж буйгаараа онцлог юм.