Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Компанийн засаглалын IV форум боллоо

Монголын компанийн засаглалын IV форум өчигдөр Чингис зочид буудалд болж өнгөрлөө. Компанийн засаглалын хөгжлийн төв, Монголын Хөрөнгийн биржтэй хамтран зохион байгуулж байгаа энэхүү форумд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт болон ТӨХ, СЗХ, ҮХШХ, Хөрөнгийн бирж, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцсон юм.

Форумд Хонконг, Лондон, Шанхайн хөрөнгийн биржийн төлөөлөл оролцсон бөгөөд тухйан биржид бүртгүүлэхэд компанийн засаглалд тавьдаг шаардлага, хараат бус захирлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. Тухайлбал Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх компанийн тухайд сүүлийн үед компанийн засаглалын талаар тавих шаардлагаа улам чангаруулж байгааг биржийн төлөөлөгч хатагтай Кэтрин онцолж байлаа. Өмнө нь компанийн ТУЗ-д  хараат бус захирал 3 байхад хангалттай гэж үздэг байсан бол одоо хараат бус захирлын тоог 1-ээр нэмэх, мөн компанийн гүйцэтгэх захирлын цалин урамшууллыг нийтэд ил тод болгохыг компаниудаас шаардаж эхэлж байгаа аж.

Шанхайн хөрөнгийн биржийн хувьд бүртгэлтэй компаниудын хараат бус гишүүдийн нэг нь заавал мэргэжлийн нягтлан бодогч байх ёстой зэрэг нэлээд нарийвчилсан шаардлага тавьдаг аж. Биржийн зүгээс компанийн засаглалын талаар тавьдаг шаардлагыг компаниудын 95 хувь нь хангадаг бөгөөд үлдсэн нь зарим шаардлагыг хангаж чаддаггүй аж. Тус биржид бүртгэлтэй компаниудын хувьд хараат бус захирлын тоог заавал 3 гээд байдаггүй бөгөөд  хараат бус 8 захиралтай компани ч байдаг аж. Компаниудын хараат бус захирлуудын 40 хувь нь их дээд сургуулиудаас гаралтай байдаг бол ердөө 1 хувийг нь гадаадын компанийн төлөөлөгч эзэлдэг байна. Мөн сайн засаглал бүхий компаниудыг шагнаж урамшуулах замаар компанийн сайн засаглалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг гэдгээ Шанхайн хөрөнгийн биржийн төлөөлөгч ноён Чан онцолж байлаа.

Энэ үеэр олон улсын туршлагаас гадна Лондон, Хонконгийн бирж дээр амжилттай бүртгүүлсэн Монголын үндэсний компани “Энержи ресурс”, “Петро Матад”-ын төлөөлөгчид туршлагаасаа хуваалцсан юм. “Энержи ресурс” компанийн Гүйцэтгэх захирал ноён Г.Батцэнгэл “Бидний араас олон улсын бирж дээр гарах гэж байгаа компаниудад өөрсдийнхөө туршлагаас хуваалцахад компанийн мэдээллийг сайн ялгаж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Ямар мэдээлэл нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааных вэ, ямар мэдээлэл нь хувьцааны ханшид нөлөөлөх вэ гэдгийг нарийн ялгаж мэдээлэх хэрэгтэй. Хувь нийлүүлэгчдийн хүлээлтээс үүдсэн дарамт компанийн удирдлагад мэдрэгддэг. Ийм дарамтад автахгүй хараат бус, үнэт бодит баримттай мэдээллийг л түргэн шуурхай цацах хэрэгтэй” хэмээн өөрсдийнхөө туршлагаас хуваалцсан юм.

Үүнээс гадна уг форумаар төрийн өмчит компанийн засаглал, түүнийг сайжруулахаар хийж байгаа ажил, банкуудын засаглалын жишээ гэх мэт олон сэдвээр сонирхолтой илтгэл тавигдлаа.