“Энержи ресурс” буюу MMC-ийн нэгж хувьцаа Хонконгийн бирж дээр 9.46 хонконг доллар хүрч, өчигдрийн хаалтын худалдаагаар 9.20 доллар байсантай харьцуулахад 2.83 хувиар өсөөд байна. Сарын эхээр хөрөнгө оруулалтын хэд хэдэн банк MMC-ийн хувьцааны үнэлгээнд огцом өсөлтийн төлөв байна гэсэн таамаглал дэвшүүлж байсан юм. Тухайлбал АНУ-ын Citi банкныхан тус компани 193 сая тонны коксжих нүүрсний нөөцтэй “Баруун Наран” ордыг худалдаж авсны дараа хувьцаа нь 10.67 хонконг долларт хүрч өсөх тухай дүгнэлтээ мэдээлсэн.
Үүний зэрэгцээ “BNP Paribas Securities Asia” тус компанийн хувьцаа 51.5 хувиар өсч, 14 хонконг долларт хүрэх тухай судалгаагаа танилцуулжээ. Энэхүү өсөлт нь тус компанийн нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад орж буйд үндэслэхийг ч онцолж байсан юм. BNP-ийн шинжээчдийн үзэж буйгаар, MMC-ийн 2011 оны нийт орлого нь 264 хувиар нэмэгдэж, 219 сая ам.долларт хүрэх ажээ. Тус байгууллага MMC-ийн боловсруулсан нүүрс 200 ам.долларт хүрэх боломжтойг ч мөн дурдсан байна. Гэхдээ түлш шатахууны хангамж, зам тээврийн төлөвлөгөөний биелэлт, коксжих нүүрсний зах зээлийн хэвийн тогтвортой байдал зэрэг нөхцөл шалтгааны улмаас энэхүү тооцоолол биелэх боломжтой юм.
Мөн хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ үзүүлдэг Монголын MICC компани ММС-ийн хувьцаа 13 хонконг доллар хүрэх боломжтой. Үүнд угаах үйлдвэрээ ашиглалтад оруулах, цахилгаан станц байгуулж дуусах, авто зам барьж дуусгах зэрэг ажил нь хувьцааны үнийн өсөлтөд нөлөөлнө гэсэн судалгаа гаргасан юм.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний модуль ашиглалтад орсонтой холбоотойгоор MMC-ийн хувьцааны ханш өсч эхлээд байгаа ч олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй нүүрсний бусад компани буюу “Аспайр Майнинг”, “Професи коал”, “Хүннү коал” зэрэг компанийн хувьцаа биржүүд дээр ойрын хугацаанд эрчимтэй унах хандлагатай байна.
Б. Төгсбилэгт (The Mongolian Mining Journal)