Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Алтан Рио 2.5 сая ам. долларын санхүүжилт амжилттай босголоо

Монголын тэргүүлэгч Хөрөнгө оруулалтын банк болох Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпораци /MICC/ нь Австралийн хөрөнгө оруулалттай Монголд алт зэсний хайгуул хийж байгаа Алтан Рио Минералс ХХК-ийн олон нийтэд хувьцаагаа анх удаа арилжихаас өмнөх санхүүжилтэд (pre-IPO) зориулагдсан 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг амжилттай босголоо.

 Алтан Рио Минералс ХХК нь Торонтогийн хөрөнгө бирж дээр 2011 оны гуравдугаар улиралд хувьцаагаа олон нийтэд анх удаа гаргахаар ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн санхүүжилтээ Монголд босгосноороо одоо явагдаж буй зэс алтны ордын өрөмдлөг, хайгуулын ажлаа санхүүжүүлэх юм. “Монголын хөрөнгө оруулагчид манай компанийн хувьцааг худалдан авсан явдалд бид баяртай байгаа. Энэ санхүүжилт нь манай компанид стратегийн хувьд өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа бөгөөд компанийн цаашдын үйл ажиллагаанд Монголын хувьцаа эзэмшигчид маань чухал үүрэгтэй байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн Алтан Рио компанийн Гүйцэтгэх захирал Эван Джонс хэлжээ.

 MICC-ийн үнэт цаасны зах зээл хариуцсан Дэд ерөнхийлөгч О.Батнайрамдал  “Алтан Рио компанийн IPO-ын өмнөх санхүүжилтийг бид нэг сарын дотор захиалгаас нь давуулан биелүүлж амжилттай хааж чадсандаа баяртай байгаа. Манай компани  сүүлийн жил хагасын дотор Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон уул уурхайн компаниуд болох Хүннү Коал, Харанга Ресурс компаниудын хувьцааг Австралийн хөрөнгийн бирж дээр мөн Монголиан Майнинг Корпорацийн хувьцааг Хонконгийн Хөрөнгийн бирж дээр тус тус гарахад MICC-ийн харилцагч, Монголын хөрөнгө оруулагч нарт оролцох боломжийг олгосон. MICC компани Алтан Рио компанийн санхүүжилтийг богино хугацаанд амжилттай босгосон явдал нь бид Монголын хөрөнгийн зах зээл дээр тэргүүлэгч компани болохоо дахин баталж байгаа явдал хэмээн дүгнэж байна ” гэв.

MICC Хөрөнгө оруулалтын банк нь 2005 онд байгуулагдсан бөгөөд Монголын болон олон улсын бирж, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд зөвлөгөө өгөх болон брокерын үйл ажиллагаа явуулдаг. Мөн компаниудад хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргах, хаалттай хэлбэрээр зээл, хувьцааны санхүүжилт босгох зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор нийтдээ 40 гаруй санхүүгийн хэлцлийг  амжилттай хийгээд байна.
С. Болд