Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нефтийн хязгаарлалт есдүгээр сар хүртэл үргэлжилж болзошгүй

Оны хоёрдугаар хагаст дэлхийн зах зээл дэх нефтийн хэрэгцээ эрс нэмэгдэнэ  гэсэн дүгнэлтийг ОПЕК-ийн шинжээчид гаргалаа. Дүгнэлтээр дэлхийн зах зээлд түүхий нефтийн эрэлт өдөрт 2.3 сая торхоор нэмэгдэх аж. Хэрэгцээ нэмэгдэж буйг даган үнэ огцом өснө гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Гэхдээ ОПЕК-ийн гишүүн бус орнуудын газрын тосны олборлолт болон ОПЕК-ийн гишүүн орнууд шатдаг хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн тохиолдолд эрэлтийн өсөлтийг тогтоон барьж чадах боломжтой гэнэ. Үүний тулд тус байгууллагын гишүүн орнууд гуравдугаар улиралд өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 30.91 сая торход хүргэх шаардлагатай ажээ. Өнгөрсөн долоо хоногт ОПЕК-ийн гишүүн орнууд яаралтай хуралдсан боловч олборлолтоо нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрч чадаагүй юм. Тэдний үзэж буйгаар дэлхийн зах зээл дэх нэг баррель нефтийн үнэ 100-105 ам.доллар байхад дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй гэдэг.

Харин манайд дангаараа шахам нефтийн бүтээгдэхүүн нийлүүлдэг ОХУ-ын хувьд бол өөр. Оросууд дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөхөд түүхий нефтийн экспортоо нэмэгдүүлснээр дотооддоо бензин, дизель түлшний  хомсдолд орсон. Энэ нь гаалийн татварыг нэмэгдүүлж, түлшний экспортыг багасгахад хүрсэн. ОХУ-д долдугаар сарын 1-ийг хүртэл тогтоосон түлшний экспортын гаалийн татвар нэг тонн тутамд 415.8 ам.доллар. Түүхий нефтийн хувьд экспортын гаалийн татварыг зургадугаар сарын 1-ээс эхлэн нэг тонн тутамд 462.1 ам.доллар болгон нэмэгдүүлээд буй. Оросын Засгийн газар өнгөрсөн сард түлшний экспортын гаалийн татвараа нийт 44 хувиар огцом нэмэгдүүлсэн юм. Энэ зохицуулалт есдүгээр сар хүртэл үргэлжилж мэдэх сурагтай.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус улсад бензиний үнэ 0.7 хувь, дизель түлшний үнэ 0.3 хувиар тус тус өссөн байна. Нефть үйлдвэрлэгч компаниудын таамаглаж буйгаар түлшний үнийн өсөлт 2-5 сарын хугацаанд лав үргэлжлэх гэнэ. Өөрсдөө үнээ барьж дийлэхгүй байхад түлшээ манай улсад хямд үнээр нийлүүлсээр байна гэж үү? “Роснефть” компанийн мэдээллээр Монгол улсад өнгөрсөн тавдугаар сард 25 мянга тонн түлш нийлүүлсэн бөгөөд энэ сард 35 мянган тонн түлш нийлүүлэх ажээ. Тус компани нь Орост хориглосон  “Евро 2” түлшийг манай улсад нийлүүлдэг байна. Хэрэв тус улс нь дотоод дахь түлшний хомсдолын улмаас энэхүү хоригоо цуцлахад хүрвэл манай улсад нийлүүлж буй түлшээ шууд дотоодын зах зээлдээ гаргана хэмээн тус компанийн төлөөлөгч мэдэгджээ. Монгол улсын Ерөнхийлөгч ОХУ-д албан ёсны айлчлал хийсний дараа тус улсын нэр хүнд бүхий хэвлэлээр “ Бид ч Монголыг чаддаг юмаараа бооно” гэсэн утгатай нийтлэлүүд гарсан. Энэ нь мэдээж төмөр замын тээвэрлэлтийн үнэ болоод түлш нийлүүлэлтийг хэлж байгаа хэрэг. Шууд утгаар нь бичсэн байна билээ. Монгол улсын хувьд хэдийгээр дулааны улиралд уул уурхай, тариалалтад дизель түлшийг илүү хэрэглэдэг боловч аливаа хомсдолыг даван туулах арга олдох нь гарцаагүй.

Манай улс жилдээ 55 тонн нефть олборлож байсан түүхтэй аж. Газрын тосны нөөц илэрсээр байна. Тиймээс нэг улсаас хараат байдлыг арилгах боломж бидэнд бий. 

Э. Оджаргал ( The Mongolian Mining Journal)