Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Дэвид Фанг: Монголын Засгийн газар Хятадтай хэрхэн тохиролцохоос бүх зүйл шалтгаална

Монголын нүүрс үйлдвэрлэгчдийг олон улсын нүүрсний худалдааны компаниудтай холбосон CoalTrans Mongolia олон улсын форум хоёр өдөр үргэлжилж,  Монголын нүүрсний салбарын ирээдүй, боломжуудын талаар хэлэлцлээ.

Хурлын эхний өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв “Монгол улс нүүрсний 162 тэрбум тонн геологийн нөөцтэй ба ирэх арван жилийн дотор жилд 100 сая нүүрс эскпортолдог, олон улсын нүүрсний зах зээлийн хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг болох бүрэн боломжтой”-г олон улсын нүүрсний худалдаачдад дуулгасан юм.

Монголын нүүрсний нөөцүүд газрын гадаргатаа ойр байрладаг, ил уурхайн аргаар олборлохын дээр үнслэг, чийгшил бага өндөр чанартай гэдэг тодорхойлолтууд Gobi Coal & Energy, MoЕnСo буюу Mongolian Energy corporation Limited, Mongolia Minerals Сorporation, Шарын Гол, Southgobi Sands болон Xanadu Mines зэрэг компанийн тавьсан илтгэлүүдэд давтагдаж байлаа. Мэдээж, эрчим хүчээр өлсөж буй Хятадын хажууд байрлах Монгол улсын нүүрсний салбарт сайхан боломж, ашиг орлого ундарч байгааг олж харсан Энэтхэг, Хятад, Япон, Индонез,  Канад, Австралийн бизнесмэнүүд Монголын нүүрс үйлдвэрлэгчидтэй холбоо харилцаа тогтоохоор иржээ.

Нүүрс үйлдвэрлэгч болон худалдааны компаниудын анхаарлын төвд нүүрсээ хэрхэн гурав дахь зах зээлд хямд тарифаар хүргэх тухай асуудал байсан юм.  Хятадын Засгийн газар гадны тээвэрлэгчдээс тус улсын төмөр замыг ашиглахад нь 7 –гоос дээш хувийн татвар авдаг  нь Япон, Солонгос зэрэг гуравдагч зах зээлд манай нүүрс илүү өртөгтэй болж очиход хүргэдэг учраас манай  Засгийн газар энэ тал дээр компаниудад дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх талаар Яамны албаны хүмүүсээс асууж байлаа.

Хятадын Нүүрсний компаниудын холбооны тэргүүн Девид Фанг  “Монголын засгийн газар Хятадтай хэрхэн тохиролцохоос бүх зүйл шалтгаална” гэж хэлсэн юм. Учир нь Хятадын төмөр замын сүлжээ дотоодын тээвэрлэлтийн эрэлтийг хангахад ч хүрэлцээтэй биш, баруунаас зүүн Хятад руу чиглэсэн асар их тээвэрлэлт урсаж байдаг учраас тарифийн асуудал зөвхөн Засгийн газрын хоорондын хэлэлцээрээс шалтгаалах ажээ.

“The Coal Trans Mongolia” олон улсын нүүрс олборлогч, худалдаалагчдын хурлын тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг Mongolian Mining Journal сэтгүүлийн  шинэ сарын дугаараас уншаарай.


Б. Халиун