Шатахууны хомсдол Монгол орны ажил амьдралын хэмнэлийг өөрчиллөө. Баасан гаригийн үдэш зуслан амралт зүглэх гэсэн нийслэлчүүдийн олонх гайхшаа барав. Улаанбаатарын шатахуун түгээх бараг бүх станц АИ 92 бензин олгохоо больжээ.
Бензинийг карт ба талоноор олгоно гэж байгаа боловч нефть импортлогч тухайн компанитай ажил хэргийн байнгын харилцаатай байгууллагууд гол төлөв тийм картыг эзэмшдэг ба иргэдийн хувьд ийм тусгайлсан үйлчилгээнд тэр бүр хамрагдах шаардлага гардаггүй билээ. Петровис компанийн хувьд хэдийгээр карт эзэмшигчдэдээ 92 бензин өгнө гэсэн хэдий ч шинээр карт олгохыг түр зогсоосон байна.
Ардын хувьсгалын баяр наадам хүртэл шатахуун нийлүүлэгч компаниуд АИ 92 бензинийхээ нөөцийг хадгалж үлдэх чиглэл авсан ба тиймээс хязгаарлалт долдугаар сарын аравд хүртэл үргэлжилнэ. Харин баяр наадмын өдрүүдэд 92 бензинийг хэвийн түгээх аж.
Шатахууны хомсдол манай улсын энэ намрын бүхий л бүтээн байгуулалт, бизнес төлөвлөлтүүдийг өөрчлөх өндөр магадлалтай байна. Наадмын дараа лав АИ 92 бензиний хязгаарлалт үргэлжилнэ хэмээн нефть импортлогчид өгүүлэв. Тиймээс иргэд октан өндөр АИ 80 бензинийг олдож байгаа дээр нь хийлгэхээс өөр аргагүй шахалтад оржээ.
Роснефть компани нь Монголын Мянганы зам дагуу шатахууны жижиглэнгийн бизнес эрхлэх 100 станцын эрх олгохыг манай Засгийн газраас 2008 онд хүсч, харин 2011 онд буюу ойрмогхон бараг шаардах шахуу захидал ирүүлсэн юм. Монголын нефтийн хэрэгцээг дангаар нь хангадаг Оросын төрийн өмчийн Роснефть компани крантаа хааснаас хойш даруй хоёр сарын дараа монголчуудын ажил амьдралын хэмнэл ийнхүү өөрчлөгдлөө. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд эхлээд, араас нь Ерөнхий сайд хүрэлцэн очиж хүчилснээр Монгол улс нь Хятадаас нефть бүтээгдэхүүн импортлох ерөнхий тохиролцоонд хүрсэн ба гэрээ хэлэлцээрийн ажил хэр хурдтай явахаас унаа мал хөдлөх эсэх нь шалтгаалах учир жанцантай болжээ. Монгол орон нефтийн хямралд ороод байна. Тамсагийн XX дугаар талбайгаас Петро Матад компани газрын тосны нөөц илрүүлж, тэнд олборлох бэлтгэл ажил хийгдэж байгаагаас өөр өнөө маргаашид маань гэрэл нэмэх мэдээлэл энэ салбарт хомс. Хэмнэлтийн горимд шилжихээс өөр сонголт өнөөдөндөө бидэнд үлдсэнгүй. Даваа гаригийн өглөө шинэ долоо хоногийн ажилдаа хоёр зээрдээрээ хүрэлцэн очигсод цөөнгүй болох нь.
Б. Алисиа ( The Mongolian Mining Journal)