Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монгол улс 2025 онд 100 сая тонн нүүрс экспортолно

Экспортын хэмжээгээрээ зэсийг даваад байгаа нүүрс нь Монгол улсыг дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч орнуудын нэг болгох болно хэмээн “Coal Trans” дээр онцлов.   

Нүүрс үйлдвэрлэгчдийг худалдааны компаниуд болон нүүрс хэрэглэгчидтэй нь  холбодог “Coal Trans” олон улсын форумын Монгол дахь хуралдаан 6 дугаар сарын 21-22-нд “Чингис” зочид буудалд болж, дэлхийн нүүрсний худалдаачид Монголын нүүрсний салбарын боломжуудын талаар нээлттэй ярилцсан юм. Хятадын аж үйлдвэрийн төв болсон хойд нутагтай хил залгаа оршдог Монголын нүүрсний нөөц, тээврийн болон бизнесийн өртөг зардал хямд зэрэг Монголын давуу талуудыг олж харсан Энэтхэг, Хятад, Япон, Солонгос, Сингапур, Хонконг, Индонези, Канад, Австрали, Америк, Голландын бизнесменүүд Монголын нүүрс үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоохоор “Coal Trans-Mongolia”-д ирсэн байлаа.

Монгол улсын нүүрсний геологийн таамаг нөөц 162,3 тэрбум тонн (нэмэлт хайгуулаар цаашдаа өсөх магадлалтай) бөгөөд 12 сав газарт нийтдээ 320 орд илрэл тогтоогджээ. 

Хамгийн их нүүрсний нөөцтэй 15 орны нэг Монгол улсын дотоодын нүүрсний хэрэглээ нь 2010 оны статистик мэдээгээр ердөө л 7 сая тонн байна. Тиймээс энэ их нүүрсээ экспортлох буюу өндөр хүчин чадалтай цахилгаан станц байгуулж эрчим хүч экспортлох нь зүйтэй юм. Өнгөрсөн онд манай улс 25 сая тонн нүүрс олборлосноос 18 саяыг нь экспортод гаргасан байна. Монголын нүүрсний дотоод хэрэгцээ 2025 онд 19 сая тонныг давна гэсэн тооцоо бий. Нөөцийн хэмжээ хийгээд олборлох хүчин чадалтайгаа харьцуулахад энэ маш бага тоо юм. Монгол улс цаашид, тодруулж хэлбэл 2025 он гэхэд 100 сая тонн нүүрс экспортолж, дэлхийн нүүрсний үнэд нөлөөлдөг, тэр бүү хэл үнийн хувь заяаг шийддэг хүчирхэг улс болно.    

Экспортод гарч байгаа нүүрсний дийлэнх нь одоогоор Өмнөговьд ногдож байна. Тус аймгаас илэрсэн нүүрсний ордууд газрын гадаргатай ойр байрладаг учраас ил аргаар олборлоход бизнесийн өртөг бага байдаг аж.
Өнгөрсөн онд МАК, “Тавантолгой” ХК-иуд 5 сая тонн нүүрс экспортолж бусдыгаа тэргүүлэв. Үүний дараа “Энержи Ресурс” 3,9, “Саусгоби сэндс” 2.5, “Чинхуа-МАК-Нарийнсухайт” 1.8 сая тонн нүүрс экспортолжээ.

Гэхдээ манай улс нүүрсний арвин  нөөц, ашигтай байрлалтай хэдий ч шийдвэрлэх ёстой хүндрэлтэй асуудлууд чамгүй бий. Үүний нэг нь мэргэшсэн боловсон хүчний асуудал юм. Уурхайн инженер мэргэжлээр боловсон хүчнүүд бэлтгэгдэж байгаа ч  боловсруулах болон баяжуулах үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэн хомс тул одооноос яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Мөн хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал сул байгааг өргөжүүлэхээр Засгийн газраас өмнөд хөрштэйгээ яриа хэлэлцээр хийж эхлээд байна.   

Дэд бүтэц бидний хамгийн том сул тал. Түүний дотор цахилгаан болон усан хангамжийн систем нэн хүндрэлтэй байгаа. Гэхдээ Монголын төр дэд бүтцийн салбарт төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтыг багасгаж, төсвийн ачааллыг бууруулах, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлалгүйгээр түүнд хувийн хөрөнгө оруулалт хийх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн Концессын тухай хуулийг баталсан тухай Гадаадын хөрөнгө оруулалтын газрын Орлогч дарга З.Баттүшиг мэдэгдсэн юм. 

Монголын төр, засгаас хийж байгаа шинэчлэлүүдийн нэг нь Хөрөнгийн биржийн шинэчлэл болон Хөгжлийн банкийг байгуулсан явдал юм. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, хөрөнгө оруулалтын даатгалын Сөүлийн конвенци, хөрөнгө оруулалтын маргааныг эцэслэх Вашингтоны конвенцид нэгдсэн, 34 оронтой Давхар татварыг арилгах гэрээтэй тул хөрөнгө оруулагчдын эрх зүйн асуудлыг олон улсын түвшинд шийдэхэд хангалттай найдвартай орон хэмээн тэрбээр тайлбарлав.

Боомт-төмөр зам-боомт- төмөр зам 

Нүүрсээ гуравдагч зах зээл рүү хэрхэн хямд тарифаар хүргэх вэ гэсэн асуудал үйлдвэрлэгч болон худалдааны компаниудын анхаарлын төвд байсаар байна. 
Хятадын төмөр замын байгууллага Эрээнээс Тянжинь хүртэл Монголын түүхий эдийг тээвэрлүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Ер нь Хятадын төмөр зам тус улсын үйлдвэрүүдэд нүүрс нийлүүлэх гэж байгаа бол үнэ хямд, харин Хятадын нутгаар дамжин боомтод хүрье гэвэл зөвшөөрдөггүй, зөвшөөрсөн ч өндөр тариф тогтоодог ажээ. 

Гэхдээ бидэнд Орос гэсэн маршрут бий. Монголд төмөр замын тарифын хөнгөлөлт үзүүллээ ч Оросын боомтууд томоохон компаниудынхаа мэдэлд байдаг, дээр нь хүчин чадал нь өөрсдийнх нь нүүрсээс илүү гарахгүй тул энэ их ачаалалтай боомтоо монголчуудад ашиглуулахдаа өндөр төлбөр авч таарна. Энэхүү хүчин зүйлүүдээс шалтгаалан тээвэрлэлт болон зах зээлийн төрөлжилт гацаанд орж, Япон, Солонгосын болон олон улсын зорилтот зах зээлд хэт үнэтэй очиход хүрч байна.


Энэ талаар Монголын Засгийн газар ямар алхам хийж байгааг манай яамны албаны хүмүүсээс асууж байлаа.