- Зэсийн маргаашийн зах зээл-
Чили улс өнгөрсөн жил уурхайн гүнд гацсан 33 уурхайчдаа аврахаар хоёр сар толгойгоо гашилгаж байхдаа тэдгээрийн эрүүл мэндийг хамгаалсан нэг арга хэрэгсэл олсон нь зэс оймс байлаа.
Чили улс нь дэлхийн томоохон зэсийн ордод тулгуурлан эдийн засгаа босгосон бөгөөд энэхүү метал айл гэрийн усны шугам хоолой, сантехникийн хэрэгсэл, цахилгааны шугамаас авахуулаад гар утасны эд ангид хүртэл өргөн хэрэглэгддэг, олон талт хэрэглээтэй метал билээ.
Халуун, чийглэг уурхайн орчинд гацсан тэдгээр уурхайчдыг хөлийн халдвараас хамгаалан сэргийлж чадсан нь зэсийн нян устгах чанарын ач юм. Тиймээс зэс нь (HG-FT4.25-0.03-0.76%) ирээдүйн хөгжлийн хэрэгцээ шаардлагын нэг шинэ гарц болж болох. Зэсийн халдварын эсрэг шинж чанарыг эртний Египетэд мэс заслын хутга хайлдаг байсан үеэс мэдсэн хэдий ч орчин цагийн анагаах ухаанд өдийг хүртэл энэ давуу талыг нь бүрэн дүүрэн ашиглалгүй иржээ.
Дуслын шингэний босоо өлгүүр, өвчтөний ширээ, орны түшлэг, бариул, хаалганы бариул, сувилагч дуудах товчлуур зэрэг гар хүрдэг бүх зүйлийн гадаргууг зэсээр бүрснээр эмнэлгийн орчны халдварыг бууруулж болохыг тун саяхан танилцуулсан анагаах ухааны баримт нотолгоогоор баталгаажуулжээ. Төрөл бүрийн эмэнд тэсвэртэй, үхэлд хүргэх бактерийн тоо өсөн нэмэгдэж байгаа өнөө үед судлаачид зэсийн энэхүү чухал чанарыг ихэд анхаарах болов. АНУ-д зүрхний өвчин, харвалт, хорт хавдрын дараа дөрөвдүгээрт ордог эмнэлгийн халдвартай тэмцэх шинэ аргыг хайн эрэлхийлсээр байгаа билээ.
АНУ-ын гурван эмнэлэгт хийсэн нийтдээ дөрвөн жилийн судалгааны урьдчилсан үр дүн нь Коделко, Фридпорт Макморан (FCX-N52.901.282.48%) зэрэг зэсийн томоохон үйлдвэрүүдийн хувьд эрүүл мэндийг хамгаалах дээрх олон тэрбум ам. долларын бизнест орох боломж байж болох юм.
Уг судалгаанд хамрагдсан Өмнөд Каролины Анагаах ухааны Их сургуулийн микробиологийн багш Др. Майкл Шмидт “Бид санаа төдий зүйлээс судалгаагаа эхэлсэн боловч одоо 4 жилийн дараа дэлхийн хамгийн их хор уршиг дагуулсан асуудлыг шийдэх боломжид ойрхон ирээд байна” гэжээ.
Төмөр бариулд “үүрлэдэг” халдвар нь АНУ-д жилд 100.000 хүний аминд хүрч, түүний эмчилгээнд жилд 45 тэрбум ам. доллар зарцуулагдаж буйг батлахаар Шмидт, Өмнөд Каролины Ралф Эйч. Жонсон ВиЭй Анагаах ухаан төв болон Нью Йорк хотын Слоан Кеттериний Хавдар судлалын төвийн эмч нарын баг зэс гадаргууны талаар мэдээлэл цуглуулсан байна.
АНУ-ын Батлах хамгаалах яам санхүүжүүлж, Зэсийн хөгжлийн холбооноос дэмжсэн тус судалгааны багт ажилласан Шмидт нь Швейцарийн Женев хотноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад танилцуулга хийхээс өмнө судалгааныхаа урьдчилсан үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхээсээ татгалзсан юм.
Зэс эмнэлэг
Зэсийн бактер эсэргүүцэх шинж чанарыг АНУ-аас баталгаажуулсан байдаг бөгөөд зэс нь нянд нэвтрэн орж, энзимийг нь хорьж, идэвхгүйжүүлдэг. Харин ихэнх эмнэлэгт ашигладаг ган төмөрт ийм шинж чанар байхгүй.
Чили улсын хойд хязгаар дахь Калама уурхайн дагуул хотын Зэсийн эмнэлэгт ажилладаг сувилагч Алисия Гутиэрэсийн гэрчилж буйгаар эрчимт эмчилгээний тасгийн зарим хэсгийг зэсээр бүрснээс хойш халдварын тоо эрс буурчээ. Тэрбээр “Манай эмнэлэгт халдварын хэмжээг бууруулахад ийм зэсэн гадаргуу хэрхэн тус болсныг бид харсан. Хүн бүр үүнийг олж мэдээсэй, хүний амь аврахад хэрхэн тусалж байгааг нь үзэж, баярлаасай” гэжээ.
Коделко уурхайн ажилчдын орлогын татвар болоод эмчилгээний зардлаар босгосон энэхүү Зэс эмнэлэгт хийсэн туршилтаас үзэхэд зэс гадаргуу дээрх нянгийн 82 хувь нь цагийн дотор үхжээ. Түүнчлэн өөр бусад судалгаанаас үзэхэд ч зэс нь нянгийн 90 гаруй хувийг устгаж байсан байна.
Зардал өсч, эрүүл мэндийн даатгалын нөхөн олговрын хэмжээ буурч байгаа АНУ-ын эрүүл мэндийн салбарын хувьд зэсийг хэрэглэсний ашиг тус үлэмж байх болно гэж ноён Шмидт үздэг. Тэрбээр “Эмнэлгийн халдвараас сэргийлэх, ерөнхий зардлыг хянахын тулд ямар ч эмнэлэг таныг аль болох түргэн гаргах зорилгыг тавьж байдаг” гэжээ.
Өвчтөнийг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээг зохистой үнээр хүргэх тухай хууль батлагдсаны дараа АНУ-ын Засгийн газар нь эмнэлгийн дотоод халдварын тоог бууруулсан түргэн тусламж үйлчилгээтэй эмнэлгийг ирэх жилээс эхлэн урамшуулахаар болсон байна.
Бэрхшээл
Антибиотикоос түргэн хувиран хөгжиж буй “супер халдвар”-ын эсрэг тэмцэхдээ эмч нарын найдаж буй зүйл нь зэс болж болох юм гэж эрдэмтэд үзэж байна.
Гэхдээ эмнэлгүүд төсөв муутай, бас зэсийн өртөг өндөр учраас нян эсэргүүцэх чанар нь эдийн засгийн хувьд цаашид хэр үр дүнтэй байх нь тодорхойгүй зэрэг шалтгааны улмаас эмнэлгүүдэд энэхүү жорыг өргөн ашиглахад бэрхшээл гарах талтай. “Эрүүл мэндийн тодорхой үр ашгаас гадна, та бүгд эмнэлгүүдэд хэдийнэ ашиглагдаж байгаа зэвэрдэггүй ган буюу өөр бусад зүйлийг авч хаях хэрэгтэй гэдгийг Засгийн газар болоод эмнэлгүүдэд ятгахад асуудал байгаа юм” хэмээн төмрийн салбарын зөвлөх CRU группын Жон Барнес хэлжээ.
“Энэ бол хүмүүсийн мартах шахсан зэсийн онцгой шинж чанарын тухай асуудал юм. Энэхүү чухал шинж чанарыг судлах шаардлагатай бөгөөд зүгээр нэг тоглоом төдий зүйл биш ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Уурхайчид болон үйлдвэрлэгчдийн хувьд энэ нь дэлхийн эрэлт хэрэгцээний багахан хэсгийг эзлэх тул нянгийн эсрэг шинж чанар нь том бизнес болно гэдэгт Барнес болон өөр бусад салбарын мэргэжилтнүүд эргэлзэж байгаа. Нянгийн эсрэг хэрэглээнд зэсийн эрэлт хэрэгцээ жилд 250.000-1 сая тонноор буюу дэлхийд олборлож буй зэсийн 5 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог зэс үйлдвэрлэгчид гаргажээ.
Гэхдээ уурхайчид болон үйлдвэрлэгчид зэсийг нянгийн эсрэг хэрэглэх хэрэглээ нь эмнэлгээр хязгаарлагдахгүй хэмээн мөрийцөхөд бэлэн байгаа. “Фрийпорт”-ын Гүйцэтгэх захирал Ричард Адкерсон гуравдугаар сард Ройтерст өгсөн ярилцлагадаа “Эмнэлэг төдийгүй олон нийтийн барилга байгууламжид нийтэд нь зэсийг ашиглана гэдэг нь энэ салбарын хувьд сайхан боломж” гэжээ.
Коделко дахь улсын уурхайн компани нь шинээр баригдах эмнэлэгт зэсийг ашиглах талаар Чилийн эрүүл мэндийн салбарын хүмүүстэй яриа хэлэлцээр хийж буй бөгөөд зэс мяндастай оймс үйлдвэрлэх талаар, түүнчлэн яргай загасны аж үйлдвэрт зэс бүрээстэй тор үйлдвэрлэх тухайд дотоодынхоо компаниудтай түншлэн ажилладаг.Нянгийн эсрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагддаг хайлш үйлдвэрлэхээр төлөвлөж буй Калифорнийн “Метал Икс” компанийн Ерөнхийлөгч Том Стрелитзийн хувьд асар том боломж хэмээн энэ үйл явдлыг харж байна.
Зэсийн ирээдүй хүн төрөлхтөний амьдралд шинэ ач тусаа өгсөөр байна гэдэгт эрдэмтэд эргэлзэхгүй байна.
Крисс Келли, Алонсо Сото (Ройтерс)