Энэ зун Хятадад эрчим хүчний 30-40 ГВт-ын хомсдол тохиож болзошгүй байна. Хэт халалт тус улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 22 хувийг эзэлдэг усан цахилгаан станцуудыг бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болгожээ. Хэдийгээр зургадугаар сарын дундуур орсон бороо усан цахилгаан станцуудын далангийн усны түвшинг нэмэгдүүлсэн ч хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Гэхдээ тус улс шинээр дөрвөн усан цахилгаан станц байгуулахаар 62 тэрбум ам.доллар төсөвлөөд байна. Эдгээр станцын хүчин чадал 43 ГВт байх юм. 20 ГВт хүчин чадал бүхий эхний хэсгийг 2020 оноос өмнө ашиглалтад оруулах бөгөөд ТЭЗҮ-г энэ оны сүүлээр боловсруулж дуусгах юм байна.
Эрчим хүчний хомсдол нь хэт халалтаас гадна тус улсын эрчим хүчний нүүрсний үнэ өсч, нийлүүлэлт сул байгаатай холбоотой юм. Тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 50 хувийг хангадаг төрийн өмчийн таван гол компани энэ оны эхний таван сарын байдлаар 1.88 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан нь нүүрсний үнийн өсөлттэй холбоотойг компаниуд тэмдэглэжээ. Тус улсад эрчим хүчний нүүрс оны эхэн үеэс даруй 7 хувиар өсч, 130 ам.долларт хүрээд буй. Засгийн газар цахилгааны үнийг 3 хувиар нэмэгдүүлсэн ч энэ нь гал унтраах төдий л алхам гэдгийг станцуудын төлөөлөл мэдэгдээд байна.
Хятадын эрчим хүчний энэхүү хомсдол нь зөвхөн тус улсын асуудлаар хязгаарлагдахгүй дэлхийн түүхий эдийн зах зээлд, тухайлбал зэс, төмрийн хүдрийн үнийг 10 орчим хувиар бууруулж болзошгүйг шинжээчид хэлж байна. Учир нь цахилгааны хомсдол болон үнийн өсөлтийн улмаас хүнд аж үйлдвэрүүд шөнийн цагаар түлхүү ажиллах буюу үйл ажиллагаа хаах хэрэгтэй болж буй юм.
Эрэлтийн өсөлт, үйлдвэрлэлийн бүтээмжийн бууралттай холбоотой зах зээлийн савалгаа хаяанд ирчихсэн байж болох юм. Тус улсын зэсийн импорт тавдугаар сард дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 47 хувиар буурч, 20 мянган тоннд хүрчээ. Ийнхүү үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний худалдан авалт огцом буурсан дүнтэй байна. Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо өнгөрсөн зургадугаар сарын 20-нд эрчим хүчний хэрэглээ өндөртэй аж ахуй нэгжүүдэд цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэхийг зогсоох тухайгаа мэдэгдээд байна. Хятадын ган хайлуулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сааруулах таамгаар коксжих нүүрсний үнэ Шанси мужид 30 юаниар буурчээ.
“Цөмийн цахилгаан станц, өндөр хүчдлийн шугам барихад ихээхэн хугацаа шаардагддаг тул ирэх жилүүдэд эрчим хүчний илүү ноцтой хүндрэл тохионо” гэж “UBS”-ын Ази дахь судалгааны газрын тэргүүн Stephen Oldfield мэдэгджээ.