-Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа-
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН БАЙНА
Энэ оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 30 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй, нийлүүлэлт хэвийн байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнээс АИ-80 автобензин 34, АИ-92 автобензин 19, дизелийн түлш 34 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд замдаа ирж яваа бүтээгдэхүүний хэмжээ багтаж байгаа юм.
Танилцуулгатай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг гадаадын түнш, аж ахуйн нэгжүүдтэй тогтоосон харилцаагаа тогтмол хадгалан, хэрэглээ, гадаад захиалгаа бодитой хэрэгжихээр болгож, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав.
Мөн намрын ургац хураалт болон ирэх өвлийн бэлтгэл хангахад шаардагдах газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, цаашид хэрэглэгчдийн хэвийн үйл ажиллагааг алдагдахгүй байх хэмжээний нөөц бүрдүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллахыг даалгасан байна.
Түүнчлэн БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлохтой холбогдуулан БНХАУ-ын Тяньжин, Далиан, Таньшин боомтоор дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтийн асуудлыг холбогдох байгууллагатай яриа, хэлцэл хийн яаралтай шийдвэрлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад даалгажээ.
ОХУ-ын “Роснефть” компани манай улсад нийлүүлэх дизелийн түлшээ энэ оны 4 дүгээр сараас их хэмжээгээр багасгасан нь манайд хүндрэл учруулсан. Иймээс тухайн үед 10 хоногийн хугацаагаар дизель түлшний тодорхой хэмжээний хязгаарлалт хийн ОХУ-ын бусад компани болон өөр эх үүсвэрүүдээс өндөр үнээр түлш авч хэрэгцээгээ хангаж байсан юм.
Газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ өөрчлөгдөж байсантай холбогдуулан Засгийн газар энэ он гарсаар онцгой албан татварын хувь хэмжээг 8 удаа өөрчилсөн. Тухайлбал 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа импортоор оруулж ирэх автобензин, дизель түлшний гаалийн онцгой албан татварыг тэглэсэн.
Мөн холбогдох яам, агентлагийн удирдлагууд урд, хойд хөрш болон бусад эх үүсвэрээс газрын тосны бүтээгдэхүүн авах, нийлүүлэлт, хангамжийг хэвийн байлгах талаар удаа дараа яриа, хэлцэл хийн тохиролцоонд хүрч байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
“Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг “Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил хүртэлх хугацаатай төгрөг, гадаад валют болон хаалттай хэлбэрээр арилжаалахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй” хэмээн өөрчиллөө.
Ингэснээр Хөгжлийн банкнаас гаргах өрийн бичгийн хүүг бууруулж, банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлж, эдийн засагт бодитой нөлөө үзүүлэх бололцоотой болно гэж үзсэн байна.
Засгийн газрын тогтоолоор 5 жилийн хугацаатай 250 тэрбум, 10 жилийн хугацаатай 250 тэрбум, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахыг Хөгжлийн банкинд, энэ 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын нэрийн өмнөөс зээлийн баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн юм.