Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ж.Энхсайхан: Уран бол байгаль орчны хувьд тун бохир бизнес

Монгол улсад цөмийн түлшний хаягдал байршуулах нь хэмээсэн шуугиан гадаад, дотоодын хэвлэлээр цацагдсан билээ. Энэхүү дуулиан одоо ч намжаагүй байна. Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсад баталгаажуулахаар НҮБ-ын түвшинд идэвхтэй ажиллаж, тодорхой амжилтад хүрсэн туршлагатай дипломатч Жаргалсайханы Энхсайхантай MMJ сэтгүүлийн Э.Оджаргал ярилцлаа.

Цөмийн зэвсэгтэй зарим улс Монгол орны цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хүлээн зөвшөөрч, тэрхүү амжилт нь манай улсын дипломат харилцааны түүхэнд тодхон үсгээр бичигдэж байсан өдрүүдээс хойш эдүгээ нэгэн арван улиран оджээ. Тиймээс цөмийн хаягдал болоод олон улсын хууль тогтоомж, уран баяжуулах үйлдвэрлэл, технологи зэрэг цөмийн энергийн салбартай холбоотой асуудлаар Монгол Улсаас Олон улсын атомын энергийн агентлагийн  дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Монгол Улсаас Австри улсад суугаа Элчин сайд ноён Ж.Энхсайханаас дараах тодруулгыг авлаа.
 


Монгол улсын газар нутагт цөмийн түлшний хаягдал шаарыг байршуулах талаар АНУ, Японы талтай ярилцсан гэх мэдээлэл өнгөрч буй сарын туршид багагүй шуугиан тарив. ОУАЭА-д ойр ажиллаж буйн хувьд Та энэ мэдээллийн талаар хариулт өгөөч?

Цөмийн Энергийн газар болон аливаа бусад байгууллагаас энэ талаар манай ЭСЯ-нд мэдээлж байгаагүй. Энэ тухай би анх сонин хэвлэлээс уншиж мэдсэн. Манай тал Агентлагт ямар хэмжээгээр мэдээлэл өгнө, Агентлаг тэр хэмжээний албан ёсны мэдээлэлтэй байдаг. Сонин хэвлэлд гарч буй мэдээллийг албан ёсны гэж үздэггүй учраас зөвхөн анхаарал, судалгаандаа авдаг. Японы сонин хэвлэлд уг мэдээлэл анх гарч байх үед Агентлагийн удирдлага, мөн гишүүн зарим орны Элчин сайд нар надаас тэрхүү мэдээлэл хэр үндэслэлтэй болохыг лавлаж асууж байсан. Би энэ талаар Төвтэйгээ зөвлөлдөөд, мэдээлэл үндэсгүй юм гэсэн хариу өгч байв. Мөн Агентлагийн удирдлагатай зөвлөлдөөд, ЭСЯ-аас уг мэдээлэл үндэслэлгүй  гэсэн албан ёсны мэдэгдэл хийсэн. Манай талын гаргасан албан Мэдэгдлийн дараа уг асуудал Агентлагт дахин албан болон албан бусаар  яригдаагүй.

Улс орнууд цөмийн түлшний хаягдлыг хадгалах талаар ямар хууль журам мөрддөг вэ? Энэ тал дээр онцлох хууль, тогтоомж байдаг уу?

Цөмийн түлшний хаягдлын тухай хуультай цөөн тооны улс орон байдаг гэдэг. Гэхдээ нэгэнт цөмийн түлшний хаягдал нь цөмийн циклийн нэг л хэсэг нь учраас олон улсын практикт, түүний дотор ОУАЭА-т цөмийн энергийн асуудлаар нэг цогц хууль тогтоомжтой байхыг чухалчилдаг. Учир нь, хэд хэдэн хууль байвал зарим заалт нь давхардах юм уу, зохицуулах зарим асуудал хийдэж тусгалаа олохгүй орхигдох, мөн хэрэгжүүлэгчдийн ажил үүрэг нь давхардах, эсвэл хариуцлага хүлээх байгууллага, этгээд нь тодорхой бус болох зэрэг тохиолдол гарч болзошгүй гэж үздэг. Тиймээс улс орнууд нэг цогц хуультай байхыг хичээдэг. ОУАЭА энэ чиглэлээр гишүүн орнууддаа төрөл бүрийн зөвлөгөө өгч тусалдаг. Тус агентлагаас гаргасан гарын авлагад
Цөмийн энергийн тухай цогц хуульд тусгаж болох үлгэрчилсэн заалтууд тусгагдсан байдаг. Тухайлбал цөмийн шаар хаягдлын талаар гэхэд төрөөс баримтлах бодлого, стратеги зарчмууд, лиценз олгоход анхаарах зүйл, хаягдлын менежмент, хариуцлага, импортлох буюу экспортлоход анхаарах зүйл зэрэг асуудлаар тодорхой өгүүлсэн хуулийн үлгэрчилсэн заалттай. Манай улс ОУАЭА-ийн хүрээнд байгуулсан Ашигласан түлшний аюулгүй байдлын менежментийн болон цацраг идэвхт бодисын хаягдлын аюулгүй байдлын менежментийн тухай Конвенцид хэрвээ нэгдэн орвол түүнд хуулиа нийцүүлж таарна. Ингэсэн тохиолдолд Агентлагаас манай улсад аль 2008 онд өгч байсан олон зөвлөмжөөс нэг нь биелнэ гэсэн үг.


Завсрын газарт 60-100 жил хадгалдаг

Конвенцийн талаар тодорхой мэдээлэл хаанаас авч болох вэ?

Бүх мэдээллийг ОУАЭА-ийн вэб хуудаснаас бэлхнээ олж болно. Гарын авлагыг ч тэндээс олж ашиглаж болно. Энэ оны намар Венад Цөмийн хуулийн хүрээлэнгээс ахлах албан тушаалтнуудад зориулж хоёр долоо хоногийн сургалт явуулна. Хэрэвзээ манай улсаас энэ чиглэлээр нэлээд олон жил ажилласан өндөр мэргэжлийн албан тушаалтан ирвэл  бүр нарийн мэдлэг, сүүлийн үеийн мэдээлэлтэй болно гэсэн үг. Ийм чухал сургалт болох гэж буйг манай тал мэдэж байгаа.    

Цөмийн түлшний хаягдал шаарыг булшлах аюул нь чухам юундаа байдаг юм бэ? Энэ талаар шинэ дэвшилтэт технологи гарч байна уу? Ер нь дэлхийд цөмийн эрчим хүчний аюулгүй технологи гэж байдаг уу?

Цөмийн ашиглагдсан түлш /ЦАТ/ гурван янз байдаг юм билээ. Доод, дунд түвшний ЦАТ-ийг тээвэрлэх, богино болон дунд хугацаагаар хадгалах, цаашилбал удаан хугацаагаар хадгалах асуудлыг ч онолын төдийгүй технологийн хувьд шийдэж чадсан гэж хэлж болно. Энэ талаар цөмийн нөлөө бүхий гүрнүүдээс гадна Финланд, Швед зэрэг улс нэлээд туршлага хуримтлуулаад байгаа.  Удаан хугацаагаар “хадгалахад” гол нь тухайн ЦАТ-ний онцлогт тохирсон технологи болон “хадгалах” газрыг зөв олж тогтоох явдал юм.

Харин өндөр түвшний ЦАТ /high enriched uranium – HEU/-ын хувьд  аюулгүй шийдлийн талаар онолын хэд хэдэн “гарц” байх  боловч яг практик шийдлээ олоогүй. Энэ төрлийн ЦАТ цөмийн цахилгаан станцын реакторт дунджаар таван жилийн хугацаанд буй болдог. Түүнийг ашигласны дараа реактороос гарган авч тусгай усан бассейнд 2-5 жил хадгалж хөргөөд,  дараа нь 60-100 жилийн хугацаанд “завсрын” газарт хадгалж, тэгээд газрын гүнд булж “байнга” хадгалах учиртай гэдэг. Энэ талаар нарийн мэргэжлийн хүмүүс илүү тодорхой ярьж хэлж чадна. АНУ-д бол зарим эрдэмтэн “завсрын” хадгалалтын хугацааг 300 хүртэл  жил сунгаж болно гэж үздэг. ЦАТ-ийг газарт булж хадгалахад түүний химийн бүтцийн онцлог, мөн газрын хөрсний гео-химийн болон гео-физик бүтэц, онцлог, хөрсний усны байршил, чичирхийллийн хувьд тогтвортой аюулгүй байдал зэргийг харгалзах учиртай. Удаан хугацаагаар хадгалах тохиолдолд ямар ч чийгшил байх ёсгүй, өөрөөр хэлбэл ЦАТ-ийг агуулж байгаа сав нь зэвэнд идэгдэхгүй баталгаатай байх ёстой гэдэг.

Цөмийн шаар хаягдлын гол аюул нь гамма цацраг туяа болон байгалийн бус аргаар бий болсон Менделеевийн элементүүдын үелэх системд 89-103-ын хооронд байдаг хүнд элементүүд  юм. Гамма цацраг туяа нь дунджаар 500 орчим жил байдаг бол радио идэвхит хүнд элементүүд нь альфа идэвхтэй элемент учраас  олон мянган жилийн “настай”, хүний бие махбодид агаар буюу усаар нэвтэрч хорт хавдар, хөгжлийн бусад гажгийг үүсгэдгээрээ аюултай.     

ЦАТ-ийг аж ахуйн эргэлтэд оруулж,  дахин ашиглах гарцыг эрдэмтэд хайсаар байгаа. Өнөөдрийн байдлаар гол найдвар цөмийн хурдан реакторт байгаа гэдэг. Ийм маягийн реактороор ЦАТ-ийг дахин боловсруулж хаягдлаас плутоний, уран, цацраг идэвхт хүнд элементүүд, хуваагдлын бусад бүтээгдэхүүнийг салган авч дахин ашигладаг болж байгаа. Тийм төрлийн реактор хуруу дарам цөөн тооны оронд /ОХУ, Япон, АНУ, Хятад, Энэтхэгт/ бий. Цаашид хурдан нейтроноор ажиллах реакторын тоо нэмэгдэх байх. ЦАТ-ийг ашиглаад цөмийн зэвсэг хийхэд ашиглаж болох түүхий эд болох плутонийг гаргаж авч болох учраас ийм технологийг олон улсын нарийн хяналтад байлгах учиртай.



Үргэлжлэлийг ММJ сэтгүүлийн ¹ 007 дугаараас сонирхоно уу.