Mongolia Capital Raising&Investment чуулганд оролцсон Лондон, Токио, Франкфурт, Солонгос, Австралийн хөрөнгийн биржийн төлөөлөгчид хөрөнгийн биржүүдийн нэгдэх үйл явц болон Монголын компаниудад ямар боломж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Лондоны хөрөнгийн биржийн Маркетингийн ахлах менежер Жон Эдвардс:
-Энэ салбарт нэгдэж нийлэх процесс хүчтэй явагдана. Шалтгаан нь даяарчлалтай холбоотой. Цагийн бүсийн ялгаа ихтэй нөхцөлд хоорондоо нягт холбоотой байхын тулд нэгдэж нийлэх талаар яригдаж байна. Лондоны биржийн хувьд олон улсын чанартай үйл ажиллагаа явуулж ирсэн. Бид шинээр хөгжиж буй Монгол шиг зах зээлийг их анхаардаг. Хамтран ажилласнаар аль аль талдаа өгөөжтэй байх болов уу. Бид Монголын Хөрөнгийн биржтэй Түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ нь шинэ боломжийг бий болгоно гэж бодож байна. Монгол улсад их хэмжээний өсөлт бий болох учраас бааз суурийг нь эртнээс бэлтгэх хэрэгтэй. Тиймээс бидний түншлэл үр дүнтэй болно. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын орчинд итгэлтэй байх нь чухал. Оруулсан хөрөнгө нь богино хугацаанд өсч үржих ёстой. Ийм байдлыг бий болгохын тулд бид Монголтой хамтран ажиллаж байна.
-Лондоны хөрөнгийн бирж олон талын үйл ажиллагааг Монголд явуулаад эхэлчихсэн. Брокеруудыг сургах, арилжааны системийг суурилуулах зэрэг олон ажлыг хийснээр Монголын хувьцаануудад том давуу тал бий болно гэж бодож байна. Бидний ойлгож байгаагаар дотоодын төдийгүй гадаадын олон компани Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах сонирхолтой байгаа. Бид гэрээний дагуу ажлаа хурдан хийнэ. Тэгвэл Монголын компаниудад өргөн боломж нээгдэнэ гэж бодож байна.
Tokyo AIM хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Хироки Курихара:
-Хөрөнгийн биржүүдэд хүнд цаг үе тохиож байна. Зах зээлийн зохицуулалт дээр өөрчлөлтүүд орж байна. Европ, Японд PTS гэсэн дүрэм гарч байна. Үнэт цаасны компаниудын хувьд дүрэм журам чангарах хандлагатай байгаа. Энэ нь хөрөнгийн бирж болон брокеруудын хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Ийм нөхцөл байдалд амжилт олохын тулд биржүүд хоорондоо хамтарч ажиллах нь үр дүнтэй. Гэхдээ хамтын ажил¬ла¬гаа нь тодорхой эрэлт шаардлагыг хангасан байх ёстой. Нью-Йоркийн бирж Германы биржтэй хамтран ажиллаж байна. Токиогийн биржийн хувьд Осакагийн үнэт цаасны хороотой хамтран ажиллах талаар ярилцаж байгаа. Деривативын худалдаа Осакад хамгийн их байдаг. Хэрэв нэгдэж чадвал бизнесээ зардал багатай явуулах, бас ашигтай ажиллах бололцоо бүрдэнэ. Токиогийн бирж Лондонгийн биржтэй хамтран Токио AIM зах зээлийг байгуулсан. Энэ нь менежмент төдийгүй хөрөнгө оруулагчдад хандсан, хувьцаа гаргагчдад ээлтэй боломжийг бүрдүүлж өгч байгаа. Жижиг компаниуд эхэндээ банкнаас зээл авдаг ч томрох тусмаа хөрөнгийн биржид гарахаас өөр аргагүй болдог. Тэр эрэлт хэрэгцээг хангах шаардлага зайлшгүй байгаа юм.
-Япон харамсалтай нь уул уурхайн улс биш юм. Тэр утгаараа уул уурхайн компаниуд Австрали дээр гарвал илүү тохиромжтой гэж бодож байна. Монгол, Япон хоёр улс соёлын хувьд их ойр дотно, ижил төстэй зүйл ихтэй. Японд суралцсан монгол хүн олон байдаг. Тэр утгаараа Японд суралцсан хүмүүсийн ажиллуулж байгаа компани Японы зах зээлд гарвал боломж өндөр байна. Салбараар нь үзвэл дэд бүтэц, эрчим хүчний компаниуд хувьцаагаа гаргавал хялбар гэж бодож байна.
Солонгосын хөрөнгийн биржийн Бүртгэлийн газрын захирал Жун Сук Жо:
- Солонгост KOSPI, KOSDAQ, Future гэсэн 3 бирж байснаа 2005 онд нэгдэж, нэг бирж болсон. Нэгдсэний үр дүнг бид одоо харж байна. Нэгдсэнээр илүү сайн үйлчилгээг илүү бага зардлаар хүргэж байгаа. Үүнээс гадна глобал зах зээл рүү их анхаарч байна. Дотоодын төдийгүй гадны компаниудыг татах талаар нэлээд боломжтой болж ирсэн. Бидний хувьд ойрын үед бусад хөрөнгийн биржтэй нэгдэх төлөвлөгөө байхгүй. Харин деривативын арилжаан дээр идэвхтэй байхын тулд хамтарч болох байгууллагуудтай харилцаж байна.
-Солонгосын хувьд Монголтой өнө эртний харилцаатай. 3000 орчим солонгос хүн Монголд, 40000 монгол хүн Солонгост ажилладаг. Монголын компаниудын хэмжээ одоогоор харьцангуй бага байна. Тиймээс Солонгосын KOSDAQ зах зээл Монголын компаниудад ихээхэн боломжтой юм. KOSDAQ нь жижиг дунд хэмжээний компаниудад зориулагдсан зах зээл. Солонгос, Монгол хоёр улс эдийн засаг, нийгмийн их ойр холбоо харилцаатай болохоор Монголын компаниуд солонгосчуудын хувьд танил, ойр байх болов уу. Үүнээс гадна хоёрдогч арилжааны дүрэм журмын хувьд бид Монголын Хөрөнгийн биржтэй холбоотой ажиллах боломжтой. Уул уурхайн компаниудын хувьд 2 сая ам.доллараас илүү ашигтай байгаа нөхцөлд манай зах зээл дээр хувьцаагаа гаргахад хялбар болно. Хөрөнгө оруулагчдын бааз суурь ч их өргөн. Монголын компаниуд KOSDAQ зах зээл дээр хувьцаагаа гаргавал хувьцааны ханш өсөх бүрэн боломжтой бөгөөд компанид ихээхэн ашиг авчрах байх.
Үргэлжлэлийг ММJ-ийн ¹007 дугаараас уншина уу.