Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Адуунчулуун ХК өөр компанийн талбайд олборлолт явуулж байна

Адуунчулуун ХК өөр компанийн талбайд олборлолт явуулах болсон шалтгаанаа   ил аргаар ашиглах  нүүрсний нөөц багассантай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, “Найнги” ХХК-ний тусгай зөвшөөрлийн талбайд “Газар хамтран ашиглах гэрээ”-гээр олборлолт явуулж Дорнод бүсийн эрчим хүчний системийг ханган ажиллаж байгаа  хэмээн Адуунчулуун ХК-ийн уурхайн дарга Н.Шатар ярьжээ. 

Энэхүү тусгай зөвшөөрлийн хоёр талбайг тойруулан, өөрөөр хэлбэл ордын нүүрсний нөөц бүхий талбайд огт өөр компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан гэдгийг ч мөн тэрээр хэлсэн юм. 1995 онд Адуунчулуун ХК-ний эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх явцад  лиценийн талбайн хилийг багасган, үлдсэн талбайг орон нутгийн эдэлбэр газарт авчээ. Үүнтэй давхцуулж  “Одод” ХХК тусгай зөвшөөрөл авснаар  ордын нүүрсний нөөц бүхий талбайд “хилийн маргаан” үүссэн бөгөөд үүнийг  шүүхээр шийдэхээс аргагүйд хүрсэн аж.  Шүүхийн шийдвэр ёсоор Монголын алт  компанийн тусгай зөвшөөрлийн талбайг хэвээр үлдээж,  Адуунчулуун ХК-ний нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзжээ.     

Адуунчулууны нүүрсний уурхай нь 1955 онд ахуйн хэрэглээний зориулалтаар бага хэмжээгээр олборлолтын ажил эхлүүлж байгаад  1955-1966 онд далд аргаар 2-11 мянган тонн нүүрс олборложээ. 

Мөн 1962 оноос уурхайн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж,  жилийн хүчин чадлыг  200 мянган тоннд хүргэж  1979 оноос  жилдээ 1 сая.шоо метр хөрс хуулсан ба  жилийн хүчин чадлаа 600 мянган тонн  болтлоо өсгөжээ.  Улмаар тус уурхай  томоохон үйлдвэр болон өргөжиж, 1988 онд хамгийн их буюу 612,9 мянган тонн нүүрс олборлосон аж.

Энэ уурхай 160 гаруй ажиллагсадтайгаар 2008 онд 276,3, 2009 онд 314,1, 2010 онд 350 мянган тонн нүүрс олборложээ.  2011 оноос  420 мянган тонн нүүрс олборлон Дорнод бүсийг хангах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэж   Адуунчулуун уурхайн дарга Н.Шатар  ЭБЭХЯ-ны удирдлагад танилцууллаа.
 

Г.Идэр