Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын Зөвлөхөөр цөөнгүй жил ажилласан Намжилдоржийн Энхбаяр нь өдгөө Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын газарт ажиллаж байна. Тэрбээр энд Ази, Номхон далайн орнууд хариуцсан Захирлын Зөвлөхийн албыг дөрөвдүгээр сараас эхлэн хаших болжээ.
Н. Энхбаяр нь Олон улсын санхүүгийн корпорациас Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудлыг мөн хариуцдаг. Монголын мэргэжилтэн олон улсын нэр хүндтэй байгууллагуудад чадвар мэдлэгээрээ шигшигдэн ажиллах явдал цөөнгүй байдаг ба олон улсын эдийн засагт шинэ давлагаа үүсч буй энэ цаг үед Монголын эрдэмтэн дэлхийн бодлого тодорхойлогчидтой мөр зэргэцэн ийнхүү ажиллах болов.
Энэ оны есдүгээр сард Вашингтон хотноо нээгдэх Олон улсын валютын сан ба Дэлхийн банкны жил тутмын уулзалт-хуралдаан олон нийтийн анхаарлыг маш их татаж байгаа билээ. Дэлхийн эдийн засагт шинэ доргилт мэдрэгдэн, хүчний харьцаа өөрчлөгдөж, санхүүгийн төвүүд буурь сэлгэх магадлалтай болсны учир дээрх уулзалтаас гарах бодлогын баримт бичгүүд анхаарал татах нь зүйн хэрэг. Дэлхийн санхүүгийн бодлого тодорхойлох үйлсэд, сонирхолтой цаг үед Монголын эдийн засагч ийнхүү гар бие оролцож байна.
Б. Алисиа