Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

АНУ-ын нөлөөгөөр газрын тосны үнэ огцом сулрав

Брэнт маркийн газрын тос сүүлийн зургаан сарын хугацаан дахь хамгийн бага түвшиндээ хүрч өнөөдөр 103 ам.долларт хүрч, огцом буурав. Наймдугаар сарын 4-нд нэг баррель /159 литр/ нь 113 ам.долларын үнэтэй байсан Брэнт газрын тос өнөөдөр ийнхүү 10  ам.доллараар огцом хямдарчээ.

Энэ нь АНУ-ын зээлжих түвшин “ААА” бус “АА+” болсонтой холбоотой юм. Учир нь хөрөнгө оруулагчид дэлхийн тэргүүлэх эдийн засгийн улсын зээлших эрх буурснаар тус улсын эрчим хүчний эрэлт буурч, үйлдвэрлэлийн өсөлт удааширна гэж үзэж буй ажээ.

Харин “WTI” маркийн газрын тосны үнэ мөн адил баррель тутамдаа 10 орчим ам.доллараар буурч 79 ам.долларт хүрч, унажээ.

2009 оны статистикаар бол, АНУ өдөрт 18.6 сая баррель нефть хэрэглэж тэргүүнд жагсаж байсан бол Хятад 8.2 сая баррель нефтийн хэрэглээгээрээ хоёрт оржээ. Дараа нь Япон 4.3 сая баррелийн үзүүлэлтээрээ гуравт, Энэтхэг 2.9 сая баррель, Орос 2.74 сая баррель нефть хэрэглэдэг дүнтэй гарчээ. Монгол 132 дугаарт 16 мянган баррель нефть ашигладаг үзүүлэлтээрээ нэлээд ард жагсчээ. Үүнээс үзвэл АНУ-ын хэрэглээний бууралт эрэлтийг ихээхэн хэмжээгээр бууруулах нь гарцаагүй байгаа юм.

Нөгөөтэйгүүр Олон улсын эрчим хүчний агентлаг энэ онд дэлхийн газрын тосны хэрэглээ 0.2 сая баррель/өдөр-өөр нэмэгдэх бөгөөд ирэх 2012 онд энэ үзүүлэлт 1.5 сая баррель/өдөр-өөр дээшилж, 91 сая баррель/өдөр-т хүрэх урьдчилан тооцоог гаргажээ. Энэхүү хэрэглээний өсөлтийн 41 хувийг Хятад улс дангаараа эзлэх тооцоог тэд мөн дэвшүүлжээ.


Б.Төгс