“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшиж буй “Айвенхоу Майнз” компани дахь
эзэмшлийн хувиа “Рио Тинто” компани хоёр хувиар нэмэгдүүлж, 48.5 хувьд хүргэсэн байна.
Тодруулбал, Рио Тинто компани Айвенхоу Майнз-ын 27.8 сая ширхэг хувьцааг 529.5 сая канад доллараар худалдаж авчээ. Энэ тухай өчигдөр Айвенхоу Майнз компани мэдээлсэн байна.
Одоо Айвенхоу-гийн нэгж хувьцаа Торонто болон Нью-Йоркийн биржид 20 доллараар худалдаалагдаж буй. АНУ-гийн зээлжих эрх буурсантай холбоотойгоор тус компанийн хувьцаа 26-17 доллар болтлоо буусан ч эргээд өсөх хандлагатай байна.
“Рио Тинто” компанийн хувьд 2012 оны нэгдүгээр сарын 18-наас өмнө Айвенхоу-гийн хувьцааны 49 хувийг эзэмших эрхтэй байгаа юм.
Энэхүү хувьцааны арилжааг хоёр компанийн 2010 оны арванхоёрдугаар сард хийсэн гэрээний дагуу хийж буйг Айвенхоу онцолжээ.
Айвенхоу-гийн мэдээлснээр, 2006 оны аравдугаар сараас хойш Рио Тинто компаниас харилцагч компанид оруулсан хөрөнгө оруулалт 4 тэрбум гаруй ам.долларт хүрэхээр байгаа ажээ.
Б.Төгс