“Зүүнхойд Азийн Байгалийн Хий болон Дамжуулах Хоолойн Форум”-ын 12 дахь удаагийн олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо Кемпински зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү олон улсын форумыг Монгол улсын Газрын тосны газар энэ сарын 28-30-ны хооронд зохион байгуулж байгаа аж. Тус чуулга уулзалтад БНХАУ-ын Азийн Байгалийн Хий Дамжуулах хоолойн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэн, ОХУ-ын Холбооны Улсын Азийн Дамжуулах Хоолойн Судалгааны Нийгэмлэг, БНСУ-ын Пан-Азийн Байгалын Хий болон Дамжуулах Хоолойн Ассоциаци, Япон Улсын Зүүнхойд Азийн Байгалийн хий болон Дамжуулах Хоолойн Нийгэмлэг зэрэг олон улсын томоохон байгууллагуудын төлөөлөгчид, мөн Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газрын удирдлагууд оролцож байна.
“Зүүнхойд Азийн Байгалийн Хий болон Дамжуулах Хоолойн Форум”-ын 12 дахь удаагийн Олон Улсын Чуулга уулзалтын үеэр “Монгол Улсын эрчим хүчний бодлогын чиг хандлага”, “Монгол Улсад эрчим хүчийг тээвэрлэхэд тулгарч буй бэрхшээлүүд”, “Монгол Улс олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаанаас хүлээж буй үр дагавар” сэдэвт илтгэл болон гадаадын зочид төлөөлөгчдийн бусад илтгэлүүд тавигдаж, салбарын олон асуудлыг хэлэлцэх юм байна.
С.Болд