Тэгвэл монгол инженерүүд мөн л анх удаа өөрсдийн хүчээр 18 мегаваттын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Ухаа худаг уурхай дээр барьж байгаа. Цахилгаан станцын үйл ажиллагааг нээх ёслол есдүгээр сарын 24-нд болох тухай эх сурвалж мэдээллээ. Энэ нь Ухаа худаг уурхайн дэд бүтцийн төслүүд, шинээр баригдсан Нүүрс баяжуулах үйлдвэрийг эрчим хүчээр найдвартай хангаад зогсохгүй Цогтцэций сумын цахилгааны хүндрэлийг шийдвэрлэх аж.
Өмнөговь аймгийн цахилгааны нийт хэрэгцээ 3 мегаватт байдаг бол энэхүү цахилгаан станцын 18 мегаваттын хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Говь нутгийн онцлогийг харгалзан ус маш бага хэрэглэдэг, хуурай хөргөлтийн систем нэвтрүүлсэн, байгаль орчны стандартад бүрэн нийцсэн гээд Ухаа худагийн цахилгаан станцад олон давуу тал бий.
Өмнийн говийн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах өргөн зорилгийн хүрээнд хийгдэж байгаа бас нэгэн томоохон бүтээн байгуулалт бол Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойг холбосон 220 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам. Энэхүү шугамын эхний анкер тулгуур босгох ёслолын ажиллагаа есдүгээр сарын 23-нд Мандалговьд болох юм байна.
Г.Идэр