Гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын талаар хамгийн өргөн хүрээний мэдээлэл хүргэдэг “Discover Mongolia” чуулга уулзалт ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ удаад “Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх” гэсэн уриан дор зохион байгуулагдах юм. Тус чуулганы энэ жилийн нэг онцлог болох “Behre Dolbear”-ийн сургалт семинар өнөөдөр эхэлж буй бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. “Behre Dolbear” нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Америкийн групп бөгөөд “Уул уурхайн цагаан толгой” /ABC’s of Mining/ хэмээх сургалт явуулдаг уламжлалтай. Дэлхийд танигдсан энэхүү сургалт нь уул уурхайн мэргэжлийн бус хүмүүст салбарын мэдээллийг өгөх зорилготой. Дэлхийн уул уурхайн хамгийн том конвенц болох Prospectors & Developers Association of Canada /PDAC/ нь чуулганы өмнө энэхүү сургалт семинарыг зохион байгуулдаг аж. Зөвхөн 2010 оны байдлаар уг сургалтыг зохион явуулснаар PDAC-ын чуулга уулзалтад 27 мянган хүн оролцож байжээ.
“Discover Mongolia 2011” чуулга уулзалтын үеэр болох хуралдаанууд, тэдгээрт тавих илтгэлүүд нь гадаадын хөрөнгө оруулагчдад болон иргэдэд мэдээлэл өгөх гэсэн үндсэн хоёр хэсэгт чиглэх аж. Чуулга уулзалтад Канадын хөрөнгө оруулалтын томоохон банкуудын нэг болох “Scotia Capital”-ын Захирал “Торонтогийн бирж дээр Монголын компаниуд гарвал ямар харагдах вэ?” гэсэн сэдвээр илтгэл тавих бол өнгөрсөн жил “Discovery Mongolia”-д илтгэл тавьж байсан “Behre Dolbear” группын Ерөнхийлөгч Бернард Гуарнэра мөн илтгэл тавина. Бернард Гуарнэра энэ жил уул уурхайн салбараа түшиглэн хөгжлийг зорьсон гурван улсын сайн, дунд, муу туршлагаас хуваалцах юм. Мөн “Ньюком” группын Ерөнхий захирал Б.Болд, Швейцарийн UBS банкны төлөөлөгч зэрэг хэд хэдэн сонирхолтой илтгэгч оролцоно.
Э. Оджаргал