“Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Шивээ-Овоо” зэрэг компани байгуулагдана
Дэлхийд нөөц баялгаараа гайхагддаг Тавантолгой уурхай бүрэн хэмжээгээр ашиглалтад орох эхний шанг татлаа. Чухамдаа өнөөдрөөс /Наймдугаар сарын 04/-нөөс эхэлж Зүүн Цанхийн нүүрс Хятад, цаашлаад Япон, Солонгос хүрэх замдаа орлоо. Энэ бол үнэхээр тэмдэглүүштэй үйл явдал. Ялангуяа “Эрдэнэс МГЛ” компанийг маш богино хугацаанд их ажил амжуулсанд талархах хүн олон байна?
Юуны өмнө, Тавантолгой орд бол зөвхөн уурхайн төсөл биш. Дэд бүтэц, үйлдвэрлэлийг багтаасан асар том төсөл. Энэ их ажлын үр дүнг хүлээж байгаа монгол түмэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшигч гэдгээрээ бас их ач холбогдолтой. 50, 60, магадгүй 100 жил зогсолтгүй нүүрс олборлон экспортлох их ажлын эхлэл тавигдлаа.
2006 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Стратегийн ач холбогдолтой ордуудын жагсаалтыг баталсан. Эдгээр ордод Засгийн газрыг төлөөлж ажиллах үүрэгтэй “Эрдэнэс Монгол” компанийг 2007 оны хоёрдугаар сард үүсгэн байгуулсан. Д.Зоригт сайд анхны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар өнөөг хүртэл ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.
“Эрдэнэс Монгол” компани Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо зэрэг томоохон төслүүдэд ажиллаж ирсэн. Өнгөрсөн оны эцсээр УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу, анхны охин компани болох “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Яваандаа “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Шивээ-Овоо” зэрэг компани байгуулагдана.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьд Тавантолгойн коксжих нүүрсний ордын үйл ажиллагааг дагнан хариуцах чиглэлтэй. Тавантолгой бол их ажлын эхлэлийн шатанд байгаа орд. Дэлхийн нүүрсний коксжих нүүрсний хэрэгцээний үндсэн нийлүүлэлтийг хийдэг Баруун Канад, Мексик, Австрали, Хятадын Шаньси гээд бүс нутгууд байдаг. Мөн Мозамбик, Индонез, Оросын Якутын коксжих нүүрсний ордууд ашиглалтын эхлэлийн үе шатандаа байгаа. Эдгээр ордтой харьцуулбал Тавантолгойд давуу болон дутагдалтай талууд бий. Нүүрсний нөөц арвин. Дээр нь олборлолтын зардал харьцангуй бага. Гол зах зээлүүдтэйгээ ойр байршилтай нь давуу тал болдог. Гэтэл дэд бүтэц муу хөгжсөн.
“Эрдэнэс Монгол” компани “Дайцику”-гийн талбайн дор хаяж 50 хувийг ашиглах учиртай
Тавантолгойг маш сайн судлагдсан, бэлтгэгдсэн орд гэж мэргэжилтнүүд үздэг. Зүүн Цанхийн нөөцийг 795 сая тонн гэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулсан нь зарим нэг маргаанд цэг тавьсан гэж бодогддог. Одоо олборлолт явуулахад томоохон саад бэрхшээл учрах болов уу?
Сайн судлагдсан орд гэж хэлж болно. Энэ оны дөрөвдүгээр сард Зүүн Цанхийн уурхайн нөөцийг баталгаажуулж, ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр бүрэн баталсан. Энэ нь дотоод хууль тогтоомжийн дагуу хийж болох зүйл. Тэгвэл Канадын “Норвест“ групп “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх гэж байгаатай холбогдуулан компанийн нөөц баялгийн болон нөөцийн тайлан, таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг шинэчлэн боловсруулж дууссан.
Тавантолгой ордоос хамгийн сайн судлагдсан нь бидний нэрлээд байгаа Цанхийн хэсэг. Цанхийг дотор нь Зүүн, Баруун гэж ярьж байгаа. Бусад хэсгүүдэд геологийн нэмэлт хайгуул хийх шаардлагатай. Коксжих нүүрсний илрэлүүд бий гэж үздэг. Эрчим хүчний нүүрсний асар их нөөцтэй.
“Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал дээр энэ хэсэгт нэмэлт хайгуул, судалгаа хийх талаар ойрын үед ярилцана. Хоёр Цанхийн хувьд бид нөөцийн харьцуулалт хийсэн. Тавантолгой ордын 6.4 тэрбум тонн нөөцийг Австралийн ЖОРК стандартад шилжүүлж үзэхэд 7.5 орчим тэрбум тонн нүүрс болж байгаа. Ялангуяа коксжих нүүрсний нөөц ЖОРК ангиллаар харьцангуй нэмэгдэж байгаа.
Энэ стандартаар тооцох юм бол ордын нийт нөөцийн 91.5 хувийг “Эрдэнэс Тавантолгой” эзэмшиж байгаа гэж ойлгож болно. Олон улсын бирж дээр хувьцаагаа гаргахад олон улсын аргачлал их чухал. Тиймээс ЖОРК ангиллын ач холбогдлыг яриад байгаа хэрэг. Бортолгой юм уу, ордын зүүн хэсгүүдэд нөөцийн судалгаа хийх нь ирээдүйн асуудал. Бид Зүүн Цанхийн дээхнээс уурхайн үндсэн ам нээсэн юм. “Норвест” компанийн төлөөлөгчид саяхан тайлангаа өгөөд явлаа. Тэд “Та нар ийм хүчин чадлаар жилдээ 15 сая тонн нүүрс олборлох юм бол Зүүн Цанхийн уурхайг 110 жил ашиглана” гэж хэлсэн.
УИХ-ын 39 дүгээр тогтоол бол Тавантолгой ордыг ашиглах үндсэн үзэл баримтлал. Тэр үзэл баримтлалаар бол Зүүн Цанхийн уурхайг төрийн өмчит компани 100 хувь эзэмшиж, 100 хувь ашгаа хүртэх ёстой. Харин бид өөрсдөө хийж чадахгүй дамжин өнгөрөх тээвэр, боомт, хөрөнгө оруулалт, геополитикийн бодлого зэргийг цогцоор шийдэхийн тулд Баруун Цанхид олон улсын Консорциумыг шалгаруулж байгаа юм.
Тавантолгой орд арвин нөөцтэй учир нэг хэсгийг монголчууд өөрсдөө эзэмшээд, чадахгүй зүйлээ бусадтай хамтарч хийх нь төрийн ухаалаг шийдвэр гэж боддог. Ойрын таван жилд бүтээн байгуулалт эрчимтэй явагдсаны дүнд Тавантолгой орд дээр олон улсын гэж тооцогдох гурван том уурхай бий болно. Нэгдүгээрт, нүүрс экспортолж эхэлсэн “Эрдэнэс Тавантолгой”-н Зүүн Цанхийн уурхай, биднээс 1.5 жилээр түрүүлж яваа Ухаа худаг, мөн Баруун Цанхи. Уул уурхайн аварга том компаниуд орж ирж байгаа болохоор Баруун Цанхи биднээс арай их нүүрс олборлоно. Зүүн, Баруун Цанхи нөөцөөрөө ч, коксжих нүүрсний хувьд ч ойролцоо.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹009 дугаараас уншина уу