Хятадын төрийн өмчийн нүүрсний компани Шинхуа Монгол-Хятадын хил Ганцмод боомтын ойролцоо 1.82 тэрбум ам.долларын төсвөөр нүүрс баяжуулах иж бүрэн үйлдвэр байгуулах ажлынхаа хөрөнгө оруулалтыг босгож эхэлжээ. Энэхүү “Ганцмод” нүүрс баяжуулах төсөл нь Монгол дахь Тавантолгойн ордоос оруулж ирэх коксжих нүүрсийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах гол зорилготой ажээ. Уг үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилдээ 12 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай юм. Уг төсөл одоо бүтээн байгуулалтын шатандаа явж буй бол 4.8 сая тонн кокс, 0.48 сая тонн метанол, 0.3 сая тонн полипропилен үйлдвэрлэх төсөл болон 100 МВт-ын дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийг Шинхуа компани Өвөрмонголын засаг захиргаанд батлуулахаар өргөн бариад буй ажээ.
Шинхуа эдгээр нэгдсэн төслийн эхний шатыг 2012 онд ашиглалтад оруулах юм байна. Үүнд жилд 6 сая тонн нүүрс угаах, 2.4 сая тонн кокс үйлдвэрлэх, 0.48 сая тонн метанол, 0.03 сая тонн нүүрсний давирхай гаргаж авах үйлдвэр багтаж буй юм.
Урьдчилсан байдлаар,Тавантолгойн Цанхийн баруун хэсгийн 40 хувьд олборлолт явуулахаар болоод буй Шинхуа компани энэ оны эхний хагасын байдлаар 21.9 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар өссөн үзүүлэлт ажээ.