Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Тодотголоор 572.3 тэрбум төгрөг нэмж гаргана

Засгийн газрын хуралдаан 2011 оны есдүгээр сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2011 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төслөөс харвал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд нийтдээ 264.7 тэрбум төгрөгийг тусгаж, нийт 892.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.  

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар нийт 627.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан. Тодотголын төсөлд ноос, ноолуур үйлдвэрлэгчдийг дэмжих 300 тэрбум төгрөг, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тэргүүн ээлжинд шаардагдах 34.0 тэрбум, газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад 3.3 тэрбум, 100 мянган тонн улаанбуудай худалдан авч нөөцлөхөд 35 тэрбум төгрөг гээд санхүүжилт зайлшгүй шаардлагатай хөрөнгийг тусгажээ. 

Төсвийн орлогын эхний 7 сарын гүйцэтгэл, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн, нэмэгдэх боломжит орлогыг бүрэн тооцон энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход нэгдсэн төсвийн нийт орлого 611.1 тэрбум төгрөгөөр, “Тогтворжуулалтын сан”-гийн орлого 35.8 тэрбум төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого 572.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Төсвийн орлогын нэмэлт эх үүсвэр бий болж байгаатай холбогдуулан 2011 оны батлагдсан төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж Засгийн газар үзлээ. Тодотголын төсөлд тэнцвэржүүлсэн төсвийн орлогыг 572.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.

2011 оны эхний 7 сарын дунджаар нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ дэлхийн зах зээл дээр 9,418.7 ам.долларт, нэг тонн боловсруулсан нүүрсний үнэ 186.5 ам.долларт хүрчээ. Үнийн өсөлттэй холбоотойгоор “Тогтворжуулалтын сан”-д энэ онд 218.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байна.

Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт:
2011 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 572.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 3,876.9 тэрбум төгрөг, нийт зарлага 765.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 4,849.9 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцэл 193.5 тэрбум төгрөгөөр өсөн, нэгдсэн төсвийн нийт алдагдал 973.0 тэрбум төгрөгт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.6 хувь болохоор байна.



   
ЕВРО СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

“Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, өргөн мэдүүлэхээр боллоо.

Манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил болсон боловч чанар, стандартын тогтолцоогоо нийцүүлэн шинэчлэхээ хангалттай хийж ирсэнгүй. Үүний улмаас үндэсний стандартын тогтолцоо олон улсынхаас хоцрох хандлагатай болсон байна. Тухайлбал манайд албан ёсоор мөрдөж байгаа 5900 орчим стандартын 40 орчим хувь нь л олон улсын стандартад нийцдэг гэсэн судалгаа гарчээ.

Түүнчлэн нийт стандартын 40 орчим хувь нь заавал мөрдөх хэм хэмжээ бүхий стандарт бөгөөд иргэн, хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаандаа зайлшгүй шаардлагатай эсэхээс үл хамаарч тэдгээрийг дагаж мөрдөж байна.
Гэтэл дэлхий дахинаа үйлдвэрлэл, худалдааг зохицуулах тарифийн бус арга болох стандартчилал, тохирлын үнэлгээ нь зарчмын хувьд өөрчлөгдөж, үндэсний стандартыг зөвхөн сайн дурын буюу сонгон хэрэглэх хэлбэрээр батлан гаргах болжээ.

Ялангуяа шилжилтийн эдийн засагтай орнууд болон Европын Холбоонд гишүүнээр элссэн Зүүн Европын улсууд үүнийг хуульчлан хэрэгжүүлж байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын хэмжээнд техникийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, харин стандартаар худалдаанд саад тотгор учруулахгүй байхаар тохиролцжээ.

Иймээс манай улс худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд хатуу тогтоосон стандартыг заавал мөрдөхийг шаардаж ажилд нь саад учруулахгүй байх, олон улсын дэвшилтэт техник, технологи, үйлчилгээг стандартаар дамжуулан нэвтрүүлэхэд чөлөөтэй нөхцөл бий болгох шаардлагатай болоод байна.
Энэ үүднээс Европын Холбооны туршлагаар стандартыг сайн дурын буюу сонгон хэрэглэх хэлбэрт шилжүүлэхийг зорьж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.