Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Магнатууд Монголд орж ирж байна

Тайландын нүүрсний магнат “Банпу Лимитед” нь охин компаниа Монголын өмнийн говийн нүүрсний бизнест оруулахаар ажил хэргээ эхлүүлжээ. “Банпу Коал” компани “Хүннү Коул”-ыг худалдан авч буй тухай мэдээлэл нь Монголын төдийгүй, бүс нутгийн нүүрсний зах зээлд оны хэмээн тодотгож болохуйц том хэмжээний арилжаа мөн.

Уул уурхайн салбар дахь “deal” буюу худалдан авах, том хэмжээний арилжааны Гэрээ хийх хэлцлүүд ийнхүү манай ордууд дээр явагдах болжээ. Австралийн Хөрөнгийн биржийн өнгөрсөн оны “Шилдэг хувьцаа”-гаар шалгарсан HUN буюу “Хүннү коул” ийнхүү шинэ эзэнтэй болж буй аж. Одоогоор “Хүннү Коул” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл компаниа Тайландын магнатад зарах саналыг хүлээн авахаар шийдэж байгаа бөгөөд хэлэлцээрүүдэд сүүлийн цэг хатган эцэслэсний дараа олон нийтэд зарлах аж. “Хүннү Коул” нь Монголын нутагт 14 төсөл эзэмшдэг. Хөрөнгө оруулагч нь австрали болон монгол хүмүүс. 14 төслийн гурав нь буюу Цант Уул, Үнст худаг, Алтайн нүүрс төслүүдийн нөөцийг Жорк стандартаар тогтоосон. Энэ оны дөрөвдүгээр улиралд “Цант Уул” төслөө Хонконгийн бирж дээр зарлан, санхүүжилт босгох урьдчилсан төлөвлөгөөгөө олон нийтэд нэгэнтээ зарлаж байв. Цант Уулын нүүрсний баялаг орд нь Өмнөговь аймгийн нутагт байршилтай.

“Хүннү Коул”-ын эзэн Матью Вүүд нь Монголын ордыг эзэмшдэг цөөнгүй компанид мөн хувь эзэмшдэг. Хөрөнгийн зах дээр хувьцаа гарган, төслийн санхүүжилт босгож чаддаг хүн хэмээн уул уурхайн салбарынхан түүнийг нэрлэдэг.

Хэдийгээр “Хүннү Коул” Монгол дахь нүүрсний төслүүддээ ихээхэн найдлага тавьж, амжилттай санхүүжилт босгох магадлал өндөр байсан боловч “Банпу” нэгж хувьцааг нь 1.8 австрали доллараар, бэлэн мөнгөөр хаалттай хүрээнд авах санал тавьсан нь тэдэнд татгалзахад амаргүй, ашигтай нөхцөл бололтой. HUN үнэт цаасны есдүгээр сарын хаалтын ханш 1.39 австрали доллар байсантай харьцуулахад дээрх нь өндөр үнийн санал. Түүнчлэн “Хүннү Коул”-ын хувьцааны гурван сарын арилжааны дунджаас даруй 41 хувиар илүү юм. Хэдийгээр MICC-ийн судалгаагаар “Хүннү Коул”-ын хувьцаа 2 австрали доллараас давах магадлал өндөр харгадаж байсан боловч Америк, Европын зах зээлийг хамран хүрээгээ тэлж буй хямралын нөлөөгөөр уул уурхайн компаниудын үнэт цаасны ханш сүүлийн гурван сар тасралтгүй унасан. Дэлхийн эдийн засгийн урьдчилан таашгүй хандлага, ихээхэн хэмжээний мөнгөний амлалт нь “Банпу”-гийн саналыг хүлээн авахаас аргагүй байдалд “Хүннү”-г хүргэв бололтой.

Түүнчлэн, “Хүннү”-гийн хувьцаа эзэмшигчид худалдан авах саналыг “Банпу”-гаас өөр хөндлөнгийн шинэ компанид тавих эрхгүй юм. Австралийн бирж дээр гарсан компанийн хувьд “Хүннү” нь үнэт цаасаа өөрийн 12 хувийг нэгэнт эзэмшигч “Банпу”-гаас өөр газарт худалдах эрхгүй.

Монголын нүүрсний баялаг ордууд, Хятадын зах зээлд ойр нөхцөлийг сонирхсон дэлхийн томчууд байр сууриа бататгах, улмаар өөр хоорондоо өрсөлдөх хандлага сүүлийн үед тодхон мэдрэгдэх болов. “Банпу”-гийн зэргэцээ Xstrata, BHP Billiton, Anglo American, Teck Resources зэрэг томоохон тоглогчид Монголын уул уурхайн салбарт ойрын хугацаанд орж ирнэ хэмээн MICC таамаглаж байна.

Б. Алисиа