Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хас банк Сингапурын хөрөнгийн бирж дээр бонд гаргана

Монгол улсын тэргүүлэх банкуудын нэг Хас банк олон улсын санхүүгийн зах зээл дээр дунд хугацааны еврo бондыг хоёр  хэсэгчлэн гаргахаар бэлтгэж байна. Нийт 300 сая ам.долларын үнийн дүн бүхий бондыг Сингапурын хөрөнгийн бирж дээр гаргахаар яригдаж байгаа аж. “Xас банкны бонд амжилттай гарвал Монголоос олон улсын хөрөнгийн бирж дээр бонд гаргасан хоёр дахь банк болох юм. Одоогоор бондоо хөрөнгө оруулагч нартаа танилцуулах ажлыг хийж байгаа” хэмээн MICC хөрөнгө оруулалтын банкны Дэд ерөнхийлөгч О.Батнайрамдал хэллээ.

Харин бондын хүү болон хугацааны хувьд Худалдаа хөгжлийн банкны 2007 оны нэгдүгээр сард гаргасан бондынхтой ойролцоо байна гэсэн мэдээлэл бий. Худалдаа хөгжлийн банк нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2007, 2010 онд хоёр удаа бонд гаргаж байсан Монголын анхны банк. 2007 онд 75 сая ам. доллартай тэнцэх бондыг гурван  жилийн хугацаатай, жилийн 8.625 хувийн хүүтэйгээр амжилттай борлуулж байсан. Хас банкны энэ удаагийн бонд ч үүнтэй ойролцоо байх бололтой.

Энэ төсөл дээр дэлхийн нэр хүндтэй ING болон UBS банкны Сингапур дахь салбарууд хамтран ажиллаж байгаа аж.

С.Болд-Эрдэнэ