Монголын банкны секторт нийтдээ 14 банк үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн 8 нь 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, 6 нь гадны хөрөнгө оруулалтын оролцоотой банкууд юм. Тэгвэл өнгөрсөн зун гадны оролцоотой банкны тоо нэгээр нэмэгджээ.
Монголын “Бодь групп”-ын эзэмшлийн “Голомт” банк 100 хувь Монголын эзэмшилтэй байсан бол саяхнаас гадны хөрөнгө оруулагчийн оролцоотой болсон байна. “Швейцарийн нэгэн бизнесмэн тус банкинд хөрөнгө оруулалт хийж 10 хүртэлх хувийг нь эзэмшихээр болсон” хэмээн Монгол банкны Хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн хэлж байна.
Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр түүнийг даган улс орны эдийн засгийн өсөлт нэмэгдэж, банк санхүүгийн салбарын чадавх сайжирсаар байгаа. Хямралын жилүүдэд хоёр банкаа алдсан банкны сектор гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, гаднаас мөнгө босгох талаар нэлээд идэвхтэй ажиллаж буйн нэг жишээ нь “Голомт” банк юм.