“Байгаль орчны шинэчлэл Немо-2” төслийн газраас Шинэ төмөр замын дагуу татах торон хаалтны загварыг хэрхэн хийх талаар зөвлөлгөөнийг энэ сарын сүүлээр зохион байгуулна.
Манай оронд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, үүнийгээ дагаад дэд бүтцийн бүтээн байгуулалтууд өрнөж эхэлсэн. Тавантолгойн орд газраас урагш болон зүүн чиглэлд нийт 1800 км төмөр зам барихаар Шинэ төмөр замын төсөлд тусгагдсан байна. Төмөр замын дагуу татдаг торон хаалт нь зэрлэг амьтдын амьдралд хамгийн их дарамт учруулдгийг судлаачид тогтоожээ. Говь, хээрийн бүсэд голчлон амьдардаг зээр, хулан, хар сүүлт зэрэг амьтад үргэлж нүүдэллэдэг онцлогтой. Нүүдэллэх замдаа тэд төмөр замын торон хаалтанд орооцолдож эрсдэх явдал үргэлж тохиолддог. Тиймээс шинэ төмөр замын дагуу амьтад чөлөөтэй гарч болохоор торон хаалт татах санал зөвлөмжийг гаргах шаардлагатай гэж “Немо-2” төслийнхөн үзэж байгаа аж. Зөвлөлгөөнд БОАЖЯ, Ашигт малтмалын газар, “Монголын төмөр зам”-ын төлөөлөгчид болон амьтан судлаач эрдэмтэд оролцоно.
О. Хосоо