Дэлхийн зах зээлд зэс, коксжих нүүрсний үнэ буурсаар байна. Европын өрийн асуудал шийдэгдэх явц удаашрахын хэрээр зах зээлд таагүй уур амьсгал давамгайлж эхлээд байгаа билээ. Есдүгээр сарын эхээр нэг тонн зэсийн үнэ Лондоны металын биржид 9000 орчим ам.долларын үнэтэй байсан бол одоо 6795 ам.долларын үнэлгээтэй болж, нэг сарын хугацаанд үнэлгээ нь 25 хувиар огцом буураад байна. Харин коксжих нүүрсний хувьд Америк, Австралийн томоохон боомтуудад тонн тутамдаа 10-19 ам.доллараар буурч, 280 ам.доллар/тонн-д хэлбэлзэж буй юм.
Гэхдээ Хятадад коксжих нүүрсний эрэлт өндөр байгаа учир Шианси, Хэбэй мужуудад бүтээгдэхүүний үнэ тонн тутамдаа 20-70 юаниар нэмэгджээ. Бусад мужид үнэ буурсан үзүүлэлтгүй тогтвортой байна. Одоо Шиансид нэг тонн коксжих нүүрс 1470 юань, Хэбэйд 1380 юанийн ханштай байна. Харин Монголын нүүрсний экспортын гол сувгуудын нэг болсон Сэхээ боомтод коксжих нүүрс 660 юань/тоннын ханштай байгаа нь сарын өмнөхөөс 10 юаниар дээшилсэн үзүүлэлт юм. Үүнээс гадна, Хятадын үндэсний аюулгүй байдлын сэтгүүлд тус улсын эрчим хүчний газар коксжих нүүрс, антрацитын олборлолтыг хориглох шийдвэр гаргах гэж буй тухай зарим эх сурвалж дурдсан тухай мэдээллийг шинжээчид онцолжээ. Хэрэв энэхүү мэдээлэл ортой болвол Хятадын коксжих нүүрсний эрэлт бүр ч нэмэгдэх нь тодорхой юм.
Хятад, Энэтхэгт зэрэг улсад гангийн үйлдвэрлэл өргөжихийн хэрээр коксжих нүүрсний эрэлт тогтвортойгоор нэмэгдэх тухай “BHP Billiton” компани саяхны нэгэн илтгэлдээ дурджээ. Тус компанийн тооцоолж буйгаар 2025 он гэхэд Хятадын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ жилдээ 1.1 тэрбум тоннд хүрэх ажээ. Харин ган хайлуулах үйлдвэрт нэг тонн төмөр гаргаж авахад 600 кг коксжих нүүрс шаардагддаг байна.
Б.Төгс