Олон улсын атомын энергийн агентлагийн /ОУАЭА/ шинжээчдийн мэргэжлийн баг Японы “Фүкүшима 1” атомын цахилгаан станцын осол аваарын бүсэд цэвэрлэгээ хийхээр томилогдсон байна. Энэ тухай Японы Засгийн газрын төлөөлөгч Осаму Фүжимура албан ёсоор мэдэгджээ. ОУАЭА-ийн баг нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр ес хоногийн хугацаатай ажиллах юм. Цацраг идэвхжлээс цэвэрлэх энэхүү ажиллагааны дараа багийн гишүүд Япон улсын Засгийн газарт ажлын тайлангаа танилцуулна. Тус улсын Засгийн газар “Фүкүшима 1” атомын цахилгаан станцын ойр орчмын зарим бүсийн онц аюултай гэсэн хоригийг өнгөрсөн долоо хоногт цуцалсан билээ. Гэсэн ч осолдсон станцын ойр орчныг цацрагийн идэвхээс бүрэн цэвэрлэх шаардлагатай хэмээн агентлагийн зүгээс үзжээ.