“Нээлттэй нийгэм форум” уул уурхайн баялгаас орж ирэх орлогыг хэрхэн зөв удирдах тухай сэдвээр “Revenue Watch” институттэй хамтран гурав хоногийн сургалт зохион байгууллаа.
Сургалтыг “Нээлттэй нийгэм форум”-ын менежер Н.Дорждарь, “Revenue Watch” институтын шинжээч Катарина Куай, Эндрью Бауэр нар удирдан явуулж, сургалтад оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Сургалт зохион байгуулагчид уг арга хэмжээнд иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг түлхүү оролцуулсан бөгөөд Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл, Олборлох ил тод байдлын санаачлага, Хил хязгааргүй алхам зэрэг байгууллагаас гадна Киргиз улсаас орлогын менежментийг судлах ажлын хэсгийн төлөөллүүд иржээ.
Сургалтаар Монгол, Киргизийн орлогын менежментэд хийсэн үнэлгээг танилцуулж, Орлогын менежментийн бодлогод Байгалийн баялгийн сан, төсвийн шаардлага, Хөгжлийн банк ямар үүрэгтэй талаар мэргэжилтнүүд илтгэл тавьсан юм.
Мөн Киргизийн төрийн өмчийн алтны компани, Азербайжан улсын нефтээс орж буй орлого хуваарилалтын байдал, Хөгжлийн банк, Хүний хөгжлийн сан зэрэг олон асуудлаар мэдээлэл солилцож, өөрсдийн дүн шинжилгээгээ хийлээ.
Засгийн газрын авч хэрэгжүүлж буй орлогын менежментэд иргэний байгууллагуудын тавих хяналтыг бэхжүүлэх зорилгын дор энэхүү сургалтыг хийсэн нь ихээхэн ач холбогдолтой аж.
Б.Төгс