Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

2013 онд дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямарна

Грек, Италиас эхлэлтэй Евро бүсийн өрийн асуудал, АНУ-ын төсвийн алдагдал болон Азийн орнуудын үнийн хөөрөгдлийн улмаас дэлхийн эдийн засагт шинэ хямрал нүүрлээд байна. Хоёр жилийн дараа гэхэд дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямарна гэж Нью-Йоркийн их сургуулийн профөссор, дэлхийн шилдэг шинжээчдийн нэг Нуриэль Рубини таамаглажээ. Тэрээр 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилан хэлж байсан юм.

Евро бүсийн санхүүгийн хямрал нь яах аргагүй Италийн гадаад өрийн хэмжээ хэрээс хэтэрсэнтэй холбоотой. Грекийн хямрал хэдийгээр үүнд нөлөөлж буй ч Европын хэд хэдэн улсын эдийн засгийг нийлүүлсний дайтай Италийн эдийн засаг ганхаж эхэлсэн нь нэгэнт дэгдээд буй дэлхийн санхүүгийн хямралын бас нэг гол буруутан болоод байгаа юм. Их Британи, Франц, Герман зэрэг Европын тэргүүлэх эдийн засагтай гүрнүүд Грек зэрэг жижиг улсын эдийн засгийг аврах, хямралаас гаргах бодлого боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн ч Италид яагаад ч нөлөөлж чадахгүй гэдгийг шинжээчид онцолжээ. Тиймээс Италийн удирдагчид улс орноо санхүүгийн хямралаас гаргахын тулд Хятадаас тусламж гуйсан юм. Хятад улсыг Евро бүсийг аврах цорын ганц гарц хэмээн олон улсын эдийн засагчид үзэж буй.

Энэ сарын 4-нд Люксенбург хотноо хуран чуулсан Европын холбооны Сангийн сайд нар Грекийн өрийг шийдвэрлэх хөтөлбөрийн талаар тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Найман тэрбум еврогийн багц зээлийг тус улсад олгох тухай шийдвэрийг “Их хорь”-ийн Сангийн сайд нарын уулзалт хүртэл хойшлуулжээ. Энэхүү шийдвэр нь дэлхийн хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж, Америк, Европ болон Азийн биржүүдийн тэргүүлэх индексүүд бүгд унасан юм. Эдийн засаг ийм тогтворгүй үед эрсдэл юуны түрүүнд түүхий эдийн бирж дээр мэдрэгдэв.

Монгол улсын төсвийн голлох орлогыг бүрдүүлдэг зэсийн үнэ өнгөрсөн наймдугаар сард нэг тонн нь 9,839 ам.долларт хүрч байсан бол одоо 6785 ам.доллар хүрч, нийт 26 хувиар буураад байна. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед зэсийн үнэ ердөө хэдхэн сарын дотор гурав дахин унахад манай улсын төсөв хүнд цохилтод орж байсан гашуун сургамж бий. Ирэх жил эдийн засгийн байдал улам доройтно гэсэн мэргэжилтнүүдийн таамаглалд үндэслэн Goldman Sachs, Morgan Stanley, Deutsche Bank болон Standart Bank зэрэг санхүүгийн томоохон байгууллагууд 2012 оны зэсийн үнийн прогнозоо 17 орчим хувиар бууруулжээ.

Үнэ ханш тогтворгүй, огцом хэлбэлзэх ийм эрсдэлтэй үед хөрөнгө оруулагчид үнэт металыг илүүд үздэг. Санхүүгийн аливаа тодорхойгүй байдал, эрсдэлтэй үед хамгийн найдвартай хөрөнгөөр тооцогдох алтны ханш өнгөрсөн хугацаанд тогтмол өссөөр 1921 ам.долларт хүрэн дээд амжилт эвдсэн билээ. Гэхдээ өнгөрөгч есдүгээр сараас эхлэн буурсаар 1650 ам.долларт хүрч, энэ сараас эргэн өсөх боллоо. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн анхаарлын төвд Грекийн өрийн асуудал байгаа бөгөөд тус улстай холбоотой аливаа мэдээллүүд үнэ ханш огцом хэлбэлзэхэд шууд нөлөөлж байгааг мэргэжилтнүүд сануулж байгаа юм.

Алтны ханш 2012 онд 2080 ам.доллар, 2013 онд 2020 ам.доллар болж нэмэгдэх хандлагатай байна. Эдийн засаг тогтворгүй байгаа энэ цаг үед “хар алт”-ны ханш мөн л тогтворгүй, огцом хэлбэлзэлтэй байна. Өнгөрсөн наймдугаар сард нефтийн үнэ 14 хувиар огцом буурч байсан бол энэ сард АНУ-ын Эрчим хүчний яамнаас тус улсын нефтийн нөөц нь 4,7 сая баррелиэр багассан тухай мэдээлсний дараа ханш таван хувиар өсчээ. Нью-Йоркийн бирж дээр “Brent” маркийн нефть 2,94 ам.доллараар нэмэгдэж, 102,73 ам.доллар болсон байна.



Э.Оджаргал