Монгол улсад энэ сарын 12-13-ны өдрүүдэд айлчлал хийх Германы Канцлер Ангела Меркель Монголтой газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байгаа тухай тус улсын Засгийн газрын нэгэн төлөөлөл мэдэгджээ.
Европын хамгийн том эдийн засагтай улс Герман нь газрын ховор элементийн үлэмж нөөцтэй Монгол улстай уг салбарт хамтран ажиллах тухай гэрээг айлчлалын үеэр Засгийн газрын түвшинд байгуулснаар тус улсын томоохон компаниудын ирээдүй баталгаажих юм. Тухайлбал айлчлалын бүрэлдэхүүнд Германы “Siemens AG” инженерийн компанийн төлөөлөл багтах магадлалтай байна. Тус компанийн үйлдвэрлэдэг салхин турбинд газрын ховор элемент нэн чухал юм.
Герман улс нь одоогийн байдлаар газрын ховор элементийн нийлүүлэлтийн асуудлыг Канадын хоёр төслөөр шийдэхээр харилцагч талтай тохиролцсон тухай тус улсын Эдийн засгийн сайд Rainer Bruederle мэдэгджээ. Эдгээр төслөөс ирэх жил тус улс руу 5000 тонн газрын ховор элемент нийлүүлж магадгүйг тэрбээр дурджээ.
Дэлхийн газрын ховор элементийн нийлүүлэлтийн 90 хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс экспортын хэмжээгээ жил ирэх бүр багасгасаар буй энэ үед Герман төдийгүй бусад хөгжингүй улс орнууд уг түүхий эдийн нийлүүлэлтийн асуудалд нухацтай хандаж эхлээд байгаа билээ.
Хэдийгээр Канад, АНУ, Австрали болон бусад улс оронд газрын ховор элементийн томоохон төсөл хэрэгжиж эхлэн, бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэж буй ч улам бүр өргөжин тэлж буй дэвшилтэт, ногоон технологи үйлдвэрлэлийн салбарын бараг бүх хүрээнд уг түүхий эдийн оролцоо зайлшгүй ажээ.
Германы Канцлер энэ сарын 10-13-нд гадаад улсад айлчлал хийж буй бөгөөд Монголд ирэхийнхээ өмнө Вьетнамд айлчлах юм байна.
Б.Төгс